Украины асуудлаар Оросын талтай Аляскад тохиролцсоныг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга үгүйсгэв
Энэ долоо хоногийн эхээр ОХУ-ын гурван өндөр албан тушаалтан Аляскийн дээд хэмжээний уулзалтаар тохиролцсон зүйлээ хэрэгжүүлэхгүй байгаа АНУ-ын засаг захиргааг дараалан шүүмжилсэн юм.
Өнгөрсөн оны наймдугаар сард Трамп, Путин нар Аляскад уулзахдаа Украины дайныг дуусгах асуудлыг хэлэлцэж байлаа.
Оросын тал Донбассын бүс нутгийг бүхэлд нь шилжүүлж өгсөн тохиолдолд 2022 онд эхлүүлсэн дайнаа дуусгахаар тохиролцсон гэж уулзалтын дараа мэдээлж байв. Харин Цагаан ордон энэ талаар тодорхой байр суурь илэрхийлээгүй юм.
Тэгвэл Пүрэв гарагт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио дээрх уулзалтын үеэр хоёр улсын ерөнхийлөгч нар ямар нэг тохиролцоонд хүрснийг няцаажээ.
“Аляскийн уулзалтын үеэр санал тавьсан ч тохиролцоонд хүрээгүй. Хэрвээ тохиролцоонд хүрсэн бол бид дайныг дуусгах байсан” гэж Рубио өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа хэлээд АНУ уг дайныг дуусгахад “бүтээлч үүрэг” гүйцэтгэхэд бэлэн байгааг дахин илэрхийлсэн юм.
Энэ долоо хоногийн эхээр ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров, түүний орлогч Сергей Рябков, Кремлийн зөвлөх Юрий Ушаков нар дараалан “Анкорижийн үзэл санаа” гэж өөрсдийн нэрлэдэг Аляскийн уулзалтын тохиролцоогоо биелүүлэхгүй байгаа АНУ-ын засаг захиргааг шүүмжилж байв.
Трамп болон түүний албан тушаалтнууд “бодит зуучлагчийн үүргийг биелүүлэхээс татгалзаж, оронд нь Оросын эсрэг хориг арга хэмжээ авч, дарамт шахалтыг нэмэгдүүлж байгаа” талаар Лавров гадаадын элч төлөөлөгчидтэй уулзахдаа гомдоллон ярьсан юм.
Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлснээс хойш Украины дайныг дуусгахыг хичээж байгаа ч үр дүнд хүрэхгүй байгаа.
Энэ хүчин чармайлтын хүрээнд тэр ОХУ-ын ерөнхийлөгчтэй ганцхан удаа Аляскад нүүр тулан уулзсан юм.
Трамп эхэндээ уг дайнд Украиныг буруутгаж байсан бол сүүлийн үед энэ хандлагаа өөрчлөөд байгаа.
Рубиогийн мэдэгдлээс нэг хоногийн өмнө тэр Цагаан ордонд НАТО-гийн тэргүүн Марк Рюттетэй уулзахдаа Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийг магтсанаас үүнийг харж болохоор байв.
“Түүнийг яаж ч харсан хамаагүй сайн ажиллаж байна. Та нар харцгаа. Тэр зоригтой, гайхалтай зэвсэг техниктэй, гайхамшигтай дайчидтай байгааг хэлэх хэрэгтэй” гэж Трамп энэ үеэр мэдэгджээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
