Ө.Шижир: "Эрдэнэс Монгол" 2025 онд ерөнхий удирдлагын зардалд ₮451 тэрбумыг зарцуулсан. Захирал нь сарын 20 мянган ам.долларын цалинтай

Н.Эрхбаяр, iKon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж байна. 

Энэ үеэр төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлуудын цалингийн асуудал яригдлаа. 

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Төрийн өмчит компаниудын хамгийн их алдагдалтай ажиллаж байгаа салбараар нь авч үзвэл эрчим хүчний компаниуд байдаг. Эрчим хүчний компаниуд алдагдалтай ажилладаг ч гэлээ гүйцэтгэх захирал, ТУЗ нь хариуцлага хүлээдэггүй явсаар ирсэн гажиг тогтолцоо байсан. 

Засгийн газар БЭТ томилоод тухайн хүмүүсийг хариуцлагаас чөлөөлчихдөг байсан хуулийг энэ хаврын чуулганаар хүчингүй болгосон. Төрийн өмчит компаниудын удирдлагуудын цалингийн тухай асуудал маш өндөр байдаг. 

Төрийн үнэт цаасны хэвлэл гээд газрын гүйцэтгэх захирал 38 сая төгрөг, алдагдалтай ажилладаг Диспетчерийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал 25 сая төгрөг, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний захирал 20 сая төгрөгийн цалинтай. 

Ийм цалин авчхаад тухайн жилийн үндсэн төлөвлөгөөг биелүүлсэн эсэх дээр хяналт үнэлгээ хийгдэхгүй явсаар байдаг. Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт ил тод байх ёстой боловч дутуу, ТУЗ-ийн гишүүд нь бас дутмаг. Эрчим хүчний салбарт байгаа ТУЗ-ийн гишүүдийн мэдээллийг авахаар бүх компани руу албан бичиг явуулсан ч 12 газраас бусад нь мэдээллээ өгөхгүй байгаа. Тэгэхээр ямар том хаалттай байгаа вэ гэдэг нь харагдаж байна. 

58 мянган хүн төрийн өмчит компани дээр ажиллаж байгаа ч гүйцэтгэл, бүтээмжийн үнэлгээгүйгээр яваад байгаа нь хамгийн том асуудал. 

УИХ-ын гишүүн Ө.Шижир: Уг нь компанийн тухай хуулиар зохицуулах ёстой харилцаа. Гэтэл төр нь төрийн өмч дээр тусдаа компани байгуулчихдаг. Хоёр өөр хуулийн зохицуулалтаар бизнесийн байгууллагууд яваад байдаг. Төр ийм ялгавартай байдлыг бий болгож болохгүй ч хуулиар бий болгоод байна. 

Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой 465 аж ахуйн нэгж дээр 67,596 хүн ажиллаж байна. Өөрийн хөрөнгө нь 143 их наяд төгрөг болчихсон. Төр өөрөө дотоодын нийт бүтээгдэхүүний 74 хувийг үйлдвэрлэдэг. Сайд нар чинь өөрөө эрх мэдлээ булаацалдаж байна. Учир нь төрийн өмчит компаниудаар далимдуулж томилгоо хийдэг. 

Дархан төмөрлөгийн үйлдвэр дээр эрх барьж буй намын залуучуудын байгууллагын нарийн бичгийн дарга очсон. Ямар өрсөлдөх чадвараар энэ залуу очсон бэ. Энэ хууль батлагдаад нөхцөл байдал сайжирна гэж бодохгүй байна.

Зөвхөн төрийн өмчийн оролцоотой 102 аж ахуйн нэгжийн 40-ынх нь гүйцэтгэх захирал 10 сая төгрөгөөс дээш цалинтай байна. Саяхан "Эрдэнэс Монгол" нэгдлийг татан буугдаад нэрийг нь өөрчилж, "Чингис хаан хөгжлийн корпорац" болгосон. Энэ нэгдлийн борлуулалт, маркетингийн зардал зөвхөн 2024 онд 3.2 их наяд төгрөг болсон. 2025 онд 2.5 их наяд төгрөг. Гэтэл Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмал, Эрдэнэс Тавантолгойн нүүрсийг маркетингийн сурталчилгаа хийх ямар ч шаардлагагүй. 

Ерөнхий удирдлагын зардалд 2024 онд 400 тэрбум төгрөг, 2025 онд 451 тэрбум төгрөг зарцуулсан. Захирал нь сарын 20 мянган ам.долларын цалинтай. Эрдэнэс Монгол нэгдэл ямар ч үйлдвэрлэл явуулдаггүй. Энэ хохирлыг хэн хариуцах вэ.

Төрийн өмчит компаниудад төрийн аудитын газар аудит хийх боломжгүй хуулийн төсөл оруулаад ирэв. ТУЗ-ийн гишүүд эрх барьж буй намын томилгоогоор томилогддог.

ВИДЕО: