Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төслийг БНСУ-ын талын 2.7 тэрбум воны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат БНСУ-ын Тээврийн судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Улаанбаатар хотын зам, тээврийн хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулах төслийн хүрээнд хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.
Буцалтгүй тусламжийн хүрээнд БНСУ-ын Тээврийн судалгааны хүрээлэн (KOTI) болон холбогдох байгууллагуудын консорциум Улаанбаатар хотын зам, тээврийн салбарын хөгжлийн мастер төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэхээр ажиллах юм.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат төслийг хэрэгжүүлэхдээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, зөвшилцөл, харилцан ойлголцлын үндсэн дээр үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал болохыг онцоллоо. Түүнчлэн Улаанбаатар хотын хөгжил, төлөвлөлтийн салшгүй хэсэг болох зам, тээврийн салбарын хөгжлийн чиг хандлага, сүлжээ төлөвлөлт, бодлого, арга хэмжээг тодорхойлсон стратегийн ач холбогдол бүхий баримт бичиг боловсруулах хүлээлттэй байгаагаа илэрхийлэв.
Мастер төлөвлөгөөг боловсруулахдаа дараах асуудлуудад онцгой анхаарах шаардлагатайг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат онцоллоо. Үүнд:
- Зам, тээврийн салбарын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн шийдлүүдийг өнөөгийн нөхцөл байдал болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан, бодитоор хэрэгжихүйц байдлаар боловсруулах;
- Төслүүдийг ач холбогдол, үр өгөөж, хөрөнгө оруулалтын боломж, улсын болон нийслэлийн төсөв, санхүүгийн нөхцөлтэй уялдуулан эрэмбэлж, богино, дунд, урт хугацаанд үе шаттай хэрэгжүүлэх төлөвлөгөөг тодорхойлох;
- Хэрэгжилтийн үр дүнг үнэлэх, хяналт-шинжилгээ хийх тогтолцоог бүрдүүлж, гол шалгуур үзүүлэлтүүдийн суурь болон зорилтот түвшинг тодорхойлох зэрэг багтаж байна.
Төслийн менежер, БНСУ-ын Тээврийн судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач И Хүн Ки хэлэхдээ, энэхүү мастер төлөвлөгөө нь Улаанбаатар хотын зам, тээврийн салбарын хөгжлийн үндсэн бодлогын баримт бичиг болох учир олон талт судалгаа, шинжилгээ, тооцоололд тулгуурласан, шинжлэх ухааны үндэслэлтэй, оновчтой шийдлүүдийг тусган боловсруулахаар ажиллаж байгааг онцоллоо.
Уулзалтад Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал, тус газрын Захиргаа, санхүүгийн албаны дарга Ж.Лхагвасүрэн, БНСУ-ын Тээврийн судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач И Хүн Ки, Дон Мёнг Инженеринг Консалтинг компанийн Зам, тээвэр төлөвлөлтийн хэлтсийн гүйцэтгэх захирал И Вон Сок, HD корпорацын Тээврийн хэлтсийн захирал Шим Жэ Ү, судлаач Ким Да Хён нар оролцлоо.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

