"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Монгол Улс болон Бүгд Найрамдах Франц Улс(БНФУ) хамтын ажиллагаагаа агаарын тээврийн салбарт эрчимжүүлж, Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв байгуулах төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Ингэхэд шаардагдах Экспортын зээлийн санхүүжилтийн гэрээнд талууд өнөөдөр гарын үсэг зурцгаав.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Баярт үйл явдал болж байна. Худалдаа Хөгжлийн Банк бидэнд санхүүгийн баталгаа гарган өгч, Францын Bpifrance хөрөнгө оруулагч банк санхүүжүүлснээр Иргэний Нисэхийн Үндэсний Газрын Улаанбаатар дахь навигацын үндсэн төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, мөн Сайншандад нөөц төв шинээр байгуулахаар боллоо. Үүний санхүүжилтийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. 30 жилийн дараа бид агаарын навигацын тоног төхөөрөмжийг дэлхийн стандартад нийцсэнээр шинэчлэх болсондоо баяртай байна.
Ингэснээр нислэгийн аюулгүй байдал улам дээшилж, Монголын агаараар дамжин өнгөрөх онгоцны тоо нэмэгдэж, агаарын орон зайнаас олох орлого өснө" гэлээ.
Сайд Б.Дэлгэрсайханаас навигацын үйлчилгээний нөөц төвийг яагаад Сайншандад байгуулах гэж байгаа талаар тодруулахад "Сайншанд, Улаанбаатар нь тектоникийн өөр байршилд байдаг. Улаанбаатарт байгаа төвд ямар нэг асуудал гарахад Сайншандынх ажиллаж, Сайншандад асуудал гарахад Улаанбаатарынх ажиллана. Олон улсын шаардлага нь ийм байдаг учраас анх удаа хэрэгжүүлэх гэж байна" хэмээсэн юм.
Түүнчлэн Монголын тал Францын AirBus компаниас агаарын 10 хөлөг худалдан авах санал тавьж байгаа аж. Мөн Худалдаа Хөгжлийн Банкнаас Монголын Иргэний Агаарын Тээвэр(МИАТ) ТӨХК-д AirBus компаниас онгоц авахад нь санхүүжилтийн баталгаа гаргаж өгөхөд бэлэн байгаагаа өнөөдөр илэрхийлжээ.
Францын хөгжлийн агентлагийн Төлөөлөгчийн газрыг Монголд байгуулна
БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера "Энэ ондоо багтаж дээрх төслийг эхлүүлнэ. Хоёр улсын хамтын ажиллагааг тогтвортой хөгжлийн болон стратегийн ач холбогдолтой салбаруудад өргөжүүлэх эрмэлзэл өндөр байгаа. Ялангуяа эрчим хүч, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нэг хөшүүрэг нь Францын хөгжлийн агентлагийг Монголд нээх юм. Хөгжлийн агентлагийн төлөөлөгчийн газрыг ойрын хугацаанд Монголд нээж, салбар салбар дахь чухал төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүлээлттэй байна.
Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв байгуулах төсөлд цогц шийдлийг санал болгож байгаагаараа ихээхэн ач холбогдолтой. Тодруулбал технологи, санхүүжилт, сургалтыг цогцоор нь шийдэж байгаагаараа цаашид хамтран хэрэгжүүлэх өөр бусад төслийн үндсэн загвар нь болно" гэлээ.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

