М.Нарантуяа-Нара: Эмэгтэйчүүд эрүүл мэндээ бодоод электрон тамхи татъя гэтэл таслан зогсоочхож байгаа юм биш байгаа

А.Ням-Өлзий, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Уг хуулийн төслийг О.Номинчимэг нарын 76 гишүүн 2025 оны есдүгээр сард өргөн мэдүүлсэн юм.

Хуулийн төслийн өөрчлөлтөд электрон тамхитай холбоотой нэр томьёо, хязгаарлалтыг нарийвчлан заасан байна. Тиймээс ч янжуур тамхи импортлогчдын захиалгаар электрон тамхинд хяналт тавих агуулгаар уг хуулийн өөрчлөлтийг боловсруулсан гэх хардлагыг нэр бүхий улс төрчид хэлсэн. Харин нөгөө талд хууль санаачлагчийн зүгээс төрийн өндөр албан тушаал хашдаг олон хүн тамхины бизнестэй холбогддог тул өнгөрсөн онд өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэлгүй хойшлуулж, гацаах сонирхол их байна хэмээгээд буй.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэрх М.Нарантуяа Нара гишүүний байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара: Энэ хууль бол үзэл баримтлалын хувьд зөв. Ялангуяа хүүхдийг аливаа донтолтоос сэргийлье, эрүүл мэндэд хор учруулж байгаа тамхин бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлнэ гэж байгаа нь зөв. Гэхдээ электрон тамхины үнэр, амтыг хориглож, татварыг өндөр тавьж өгч байгаа ч нөгөө талд электрон тамхи хэрэглэгчид зөвхөн хүүхдүүд биш гэдгийг ойлгохгүй байна. Энэ нь насанд хүрсэн хэрэглэгчдийн сонголт, хэрэглээний эрх чөлөө, эрүүл мэнддээ сонгох сонголтыг боомилж байна.

2019 оны судалгаагаар дөрвөн хүүхэд тутмын гурав нь татдаг гэсэн судалгаа байна. Одоо бол нөхцөл байдал арай өөр болсон байгаа.

Хүүхдэд худалдаалахгүй гэсэн хэр нь дээрээс нь үнэр, амтыг хорьж, татварыг нэмж байна. Гэтэл насанд хүрсэн хэрэглэгчдийн өдөр тутмын дадал, зуршлыг яах вэ. Үүнийг бид юугаар орлуулж өгөх вэ. Мөн янжуур тамхины хорыг арай багасгасан гааны амттай тамхины гааг хориглочихлоо.

Энэ дунд эмэгтэйчүүдийн асуудал байна. Нэгэнт тамхи татах дадал зуршилтай болчихсон эмэгтэйчүүд эрүүл мэндээ бодоод электрон тамхи татъя гэдэг. Гэтэл тэдгээр эмэгтэйчүүдийн эрүүл мэндээ бодож байгаа асуудлыг нь таслан зогсоочхож байгаа юм биш байгаа.

Бид хүүхдүүдээ хамгаалж байгаа ч бүүр илүү хор хөнөөлтэй янжуур тамхи болон гааз үнэрлэх, мансууруулах бодис хэрэглэх тал руу явуулахгүй гэсэн баталгаа байна уу. Мөн хар зах зээлийг яаж хянах вэ.

Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн: Бид олон улсын туршлагын араас явж байгаа. Монгол Улс хамгийн анх ийм хууль гаргаж байгаа улс биш.

Өсвөр үеийнхнийг никотины хэрэглээнээс хамгаалъя гэвэл тамхины амт, үнэрийг хорих нь хамгийн оновчтой юм байна.  

Тамхи татдаг насанд хүрэгчдийн хэрэглээг зөв зохистой болгох, хор хөнөөл ихтэй бодисоос бага руу шилжүүлье гэх юм бол амт, үнэрийг хорихгүй байх бодлого байдаг юм байна.

Амт, үнэрийг  хорьсон нь далд бизнес өсөхөд хэр нөлөөлөх вэ гэдэг асуудал яригдсан. Энэ нь гаалийн байгууллагын хяналт, хяналтын системийн тогтолцооноос их хамаардаг юм байна. Амт, үнэрийг хорьсон нь утаат тамхийг дэмжиж байна гэдэг шүүмжлэл их гарч байгаа. Энэ асуудал дээр УИХ-ын гишүүд өөрсдөө ямар зорилгоор шийдэхээс шалтгаална.

Ажлын хэсгийн гишүүн Х.Баасанжаргал: Ажлын хэсгийнхэн хоёр асуудлыг дэнслэх хэрэгтэй болсон. Өсвөр үеийнхнээ хамгаалах уу эсвэл тамхинаас гарах оролдлого хийж байгаа насанд хүрэгчдээ бодох уу гэдгийг дэнсэлж байгаад хүүхдүүдээ хамгаалах шийдвэр гаргасан.

Хүүхдийг никотинд автуулах бодлогыг бид яавч баримталж болохгүй гэж үзээд үнэр, амтыг хориглосон.