Трамп хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ираны эсрэг дайнд туслаагүй Өмнөд Солонгосыг “мартахгүй” гэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
29 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн саруудад Ираны эсрэг дайнд туслаагүйнх нь төлөө Өмнөд Солонгосыг хэд хэдэн удаа шүүмжлээд байгаа.

Хамгийн сүүлд өнгөрсөн Ням гарагт тэр Fox News сувагт өгсөн ярилцлагад энэ гомдлоо дахин илэрхийлжээ.

“Бид бусад улс орнуудаас маш бага тусламж авсан” гэж хэлсэн Трамп эсрэгээрээ АНУ холбоотнууддаа олон тэрбумыг зарцуулж байгаа талаар гомдоллосон байна.

Дараа нь тэр Өмнөд Солонгосыг онцлон шүүмжилжээ.

“Бид тэдэнд тусалсан ч хариуд нь багахан тус нэхэхэд “Үгүй ээ, баярлалаа” гэж хариулсан. Би тэгэхэд үүнийг марталгүй, санаж явахаа тэдэнд хэлсэн” гэж Трамп ярьсан байна.

Трамп цааш нь ярихдаа АНУ-д туслахыг хүсэхгүй байгаа орнуудад үзүүлдэг тусламжаа эргэн харах санааг илэрхийлжээ.

“Биднийг дэмжихгүй байгаа орнуудад туслах нь тэнэг хүний хийж чадах зүйл” гэж тэр хэлсэн байна.

Ярилцлагынхаа сүүлд Трамп дахин нэг удаа Өмнөд Солонгосыг онцолсон юм.

“Бид гадаадад мянга, мянган цэрэгтэй. Тухайлбал Өмнөд Солонгост 40,000 цэрэг бий” гэж тэр хэлжээ. Үнэндээ АНУ-ын 28,500 цэрэг Өмнөд Солонгост байрладаг юм.

Өнгөрсөн сарын эхээр Трамп хоёр улсын уламжлалт хамтарсан цэргийн сургуулилалтын цар хүрээг багасгах тушаалыг Пентагонд өгснөө мэдэгдсэн. Ингэхдээ тэр бас л Ираны эсрэг дайнд туслаагүй талаар гомдоллосон ч сүүлд энэ хоёр асуудал хоорондоо “зарим талаар холбоогүй” гэж залруулсан юм.

 

Эх сурвалж: Korea Times