Ираны дайны улмаас Хятад улс Бразилын газрын тосны экспортын талыг авснаар хоёр улсын худалдаа дээд хэмжээндээ хүрэв
Бразил-Хятадын Бизнесийн Зөвлөлийн тайланд өгүүлснээр энэ оны эхний есөн сарын хугацаанд хоёр улсын худалдааны эргэлт түүхэн дээд хэмжээндээ буюу $143 тэрбумд хүрсэн байна.
Үүнд Ирантай холбоотой мөргөлдөөний улмаас Персийн булангаас нийлүүлэлт тасалдсаны дараа Бразилын газрын тосны борлуулалт огцом өссөн нь гол нөлөө үзүүлжээ.
Нэгдүгээр сараас есдүгээр сарын хооронд Бразилаас Хятад руу чиглэсэн экспорт 12 хувиар өсөж $84.7 тэрбумд хүрсэн бол Хятадаас хийсэн импорт 9.9 хувиар өсөж $58.6 тэрбум болсон байна.
Ингэснээр $26.1 тэрбумын худалдааны ашиг үүссэн нь Бразилын дэлхийн бусад улс орнуудтай хийсэн худалдааны нийт ашгийн 42 хувийг эзэлжээ.
Энэхүү өсөлтийн дийлэнх хэсгийг түүхий газрын тос бүрдүүлсэн бөгөөд Хятад руу нийлүүлсэн хэмжээ 27 хувиар, үнэ 16.8 хувиар тус тус өссөний дүнд борлуулалт 49 хувиар нэмэгдэж, түүхэн дээд үзүүлэлт болох $21.8 тэрбумд хүрсэн байна.
Бразилын экспортолсон нийт түүхий газрын тосны тал хувийг Хятад улс худалдаж авсан нь дараагийн томоохон худалдан авагч болох Энэтхэгийн эзлэх хувиас бараг долоо дахин өндөр үзүүлэлт болжээ.
Ойрх Дорнодын хурцадмал байдал болон Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх газрын тосны нийлүүлэлт тасалдах эрсдэл нь "илүү тогтвортой нийлүүлэгчийн эрэлтийг нэмэгдүүлж, улмаар энэ түүхий эдийн томоохон экспортлогч болох Бразилд давуу тал олгосон" гэж тус зөвлөлийн тайланд тэмдэглэсэн байна.
Энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр АНУ болон Израилийн тал Иран улсад довтолж эхэлсний дараа Техраны эрх баригчид Ормузын хоолойг хаасан. Энэ нь Хятад улсын далайгаар импортолдог түүхий газрын тосны талаас илүү хувийг тээвэрлэдэг гол замыг тасалдуулсан хэрэг юм.
Өнгөрсөн хугацаанд Бразилын дэлхийн зах зээлд гаргасан түүхий газрын тосны экспорт нийтдээ 28.7 хувиар өсөж $43 тэрбумд хүрсэн бөгөөд үүний дотор Энэтхэг рүү хийсэн борлуулалт 165 хувиар өссөн байна.
Бразилын Хятад руу хийдэг нийт экспортод газрын тосны эзлэх хэмжээ 25.8 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 6.3 нэгж хувиар өсжээ.
Ингэснээр газрын тос нь 35.4 хувийг эзэлж буй шар буурцгийн дараа орох хоёр дахь том экспортын бүтээгдэхүүн болж байна.
Харин Бразил улсын Хятадаас импортолдог барааны дунд цахилгаан хөдөлгүүртэй автомашины импорт хамгийн их өсөлт үзүүлжээ. Тодруулбал хосолсон хөдөлгүүртэй “plug-in hybrid” төрлийн автомашины худалдан авалт 89 хувиар өсөж $2.87 тэрбумд хүрсэн байна.
Эдгээр нь бусад цахилгаан болон хосолсон хөдөлгүүртэй автомашинуудын хамт Бразилын Хятадаас авсан нийт импортын ойролцоогоор 10 хувийг бүрдүүлсэн бол Бразилын гадаадаас худалдан авсан ийм төрлийн нийт бүтээгдэхүүний 86 хувийг эзэлжээ.
Эх сурвалж: South China Morning Post
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
