ХасБанк ХК 2026 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас 18.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваариллаа
ХасБанк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 09-ний өдрүүдэд цахимаар, эчнээ санал хураалтын хэлбэрээр амжилттай зохион байгуулагдав. Хурал 76.5%-ийн ирцтэйгээр хүчин төгөлдөр болж, 2026 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай асуудлыг хэлэлцэн, Төлөөлөн удирдах зөвлөлөөс санал болгосны дагуу нэгж хувьцаанд 18 төгрөг буюу нийт 18.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар эцэслэн шийдвэрлэлээ.
Мөн Монголбанкнаас холбогдох зөвшөөрөл олгогдсоны дагуу ХасБанк ногдол ашгийг татвар суутгасны дараах дүнгээр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-ийн дансанд шилжүүллээ. ҮЦТХТ нь ногдол ашгийг ажлын 3 хоногт багтаан хувьцаа эзэмшигчдийн нэрийн дансанд байршуулна.
Ээлжит бус хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг тогтоох бүртгэлийн өдөр буюу 2026 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар ХасБанк ХК-ийн хувьцааг эзэмшиж буй иргэн, хуулийн этгээдэд ногдол ашиг олгогдох бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг хувьцаа эзэмшигчид өөрийн харилцдаг үнэт цаасны брокер, дилерийн компаниас авах боломжтой.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэртэй ХасБанкны вэб сайтын Хөрөнгө оруулагчдын хэсгээс буюу ЭНД дарж танилцана уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
