ФОТО: Монголын шигшээ баг Тайландад хожигдсоноор хэсгийнхээ хоёрдугаар байраар дараагийн шатанд шалгарлаа
Сагсан бөмбөгийн 5х5 төрлийн 2029 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ий урьдчилсан шатны D хэсгийн тоглолтууд манай улсад гурван өдрийн турш зохион байгуулагдаж, өчигдөр өндөрлөлөө.
Монгол Улсын шигшээ баг D хэсэгт Вьетнам, Фижи улсын багийг хожсон бол өчигдөр Тайландын шигшээ багт 66:69 онооны харьцаатай хожигдлоо. Ингэснээр манай улсын шигшээ баг хэсэгтээ хоёрдугаар байраар дараагийн шатанд шалгарч байгаа юм.
Урьдчилсан шатны дөрвөн хэсгээс шалгарсан нийт 12 баг арваннэгдүгээр сарын 23-наас арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл дараагийн шатанд хоёр хэсэгт хуваагдан тойргийн журмаар өрсөлдөнө. Тус шатанд манай улсын шигшээ баг Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын багтай өрсөлдөхөөр болж байна.
Эхний дөрвөн байр эзэлсэн багууд тивийн аваргад оролцох эрхийн төлөө хүч үзэх чансаа өндөр 24 багийн тоонд багтана. Улмаар эрхээ авсан 16 баг нь 2029 оны ААШТ-ий аваргын цомын төлөө өрсөлдөх учиртай.
Өчигдрийн тоглолтод манай улсын шигшээ багийн шилдэг тоглогч Ш.Энхийн-Од 21 оноо, багийн ахлагч О.Эрдэнэцогт 13 оноо, холбон тоглогч Б.Барсболд 11 оноо авснаар багаа тэргүүлсэн. Харин Тайландын шигшээ багийн төвийн тоглогч Эммануэль Чинеду Эжесу 24 оноо авч багаа тэргүүлжээ.
Тайландын эсрэг тоглолтын зургуудаас
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
