Агуу хүмүүс бүгд л нэгэн цагт хүүхдүүд байсан. Эрүүл биед саруул ухаан | Монос эмийн сан
Та хотын төвөөр явахдаа нэгэн сонирхолтой зүйлийг анзаарсан уу? Сүхбаатарын талбай, Төв номын сан орчмоор өнгөрөх хэн бүхэнд нэгэн чухал агуулгыг хөшөө болгон Монос эмийн сангийн зүгээс бүтээн байршуулсан байгаа.
Бидний байнга хажуугаар нь өнгөрдөг танил хөшөөнүүдийн дэргэд маань хичээлийн шинэ жилийн баярын өдөр бяцхан баримал нэмэгдэн гарч ирэв.
Нүүрэндээ инээмсэглэл тодруулсан өхөөрдөм хүүхдийн хөшөөнүүд зэрэгцэн байрлажээ. Эдгээр нь зүгээр нэг хүүхдүүдийн хөшөө бус нэгэн цагт Монголын нийгэм, оюун санаа, соёл урлагт үүрд дурсагдах өөрийн ул мөрөө үлдээсэн гурван эрхмийн хүүхэд насных нь үеийн дүр бүхий хөшөөнүүд болно. Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч Дашдоржийн Нацагдорж, дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан, Монголын ардчилсан хувьсгалын манлайлагч, эх оронч Санжаасүрэнгийн Зориг нарыг хүүхэд ахуй дүр нь бахархалтайгаар ширтэнэ.
2026 оны хичээлийн шинэ жилийн баярын өдөр Монос эмийн сан “Эрүүл биед саруул ухаан” урианы хүрээнд хүүхэд багачууд, оюутан залуучууддаа урам зориг өгөх, өмнөх үеэсээ үлгэрлэж эх орондоо хэрэгтэй сайн хүн болохын ерөөл дэлгэж энэхүү санаачилгыг гаргасан байна.
Өнөөдөр бид эрхэм хүмүүсийнхээ үзэл санаа, авьяас билиг, эх орондоо бүтээсэн гавьяагаар нь бахархаж байгаа. Эдгээр эрхмүүд нэгэн цагт та бидний эргэн тойронд гүйлдэж буй хүүхдүүдийн нэг л байсан. Хүүхэд ахуй цагтаа ямар нэгэн агуу хүн болно гэдгээ тэд мэдээгүй байж магадгүй ч эрдэм мэдлэгээр жигүүрлэн ирээдүйнхээ мөрөөдлийн төлөө өндөрт нисэж эх орондоо хийсэн бүтээснээрээ түүхэнд алтан үсгээр бичигдэх гавьяа байгуулсан билээ. Тиймээс Монос эмийн сангийн хамт олноос энэ удаа эрхэм хүмүүсийнхээ үлгэр дуурайлал, чин эрмэлзлийг хүүхэд залуустаа хүргэж уриалахын зорьж түр хугацаанд байрших хүүхэд ахуйн төрх бүхий хөшөөнүүдийг байршуулсан болно.
Өнөөдөр хичээлийнхээ цүнхийг үүрээд эрдмийн аялалдаа урамтай яваа сурагч хүүхэд бүрийн дотор маргаашийн их зохиолч, эрдэмтэн, эмч, инженер зэрэг эх орноо хөгжүүлэх эрхэм хүмүүн бүрэлдэж буй. Агуу хүмүүс төрөхдөө агуу байдаггүй ч бага наснаасаа эрдэмд шамдан өөрийгөө хөгжүүлж, мөрөөдлийнхөө төлөө хичээсээр агуу болж чаддаг.
Энэхүү санааг эрдмийн баярын өдөр хүүхэд залуустаа хүргэж, тэдний урам зоригийг хөгжөөхийг Моносын ах эгч нараас нь зорьжээ. Энэ бол түүхийн үеийн агуу хүмүүсийг эргэн дурсах төдий ажил биш, өнөөдрийн хүүхдүүдэд “Чи ч бас чадна” гэж урам өгөх санаачлаг юм. Ирээдүйн эрхэм хүмүүн болох мөрөөдөлд саруул ухаан хүргэх бол саруул ухаантай байхыг эрүүл чийрэг бие махбод бүрдүүлдэг билээ. Иймдээ ч Монголчууд бид ирж буй үеийнхэндээ эрүүл биед саруул ухаан гэж сургасаар ирсэн байдаг.
Хичээлийн шинэ жил эхэлж буйг тохиолдуулан хүүхэд залуус бүрдээ эрүүл биетэй, саруул ухаантай, том мөрөөдөлтэй байхын өлзийтэй ерөөл тавья. Өнөөдөр хөшөөний дэргэдүүр өнгөрч яваа хүүхдүүдийн дундаас маргаашийн Монголыг бүтээх агуу эрхмүүд олноор төрөх болтугай. Монголын бүх хүүхэд залуустаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Монос эмийн сангийн ах эгч нараас нь.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!




