Үүрэн холбоо болон хэрэглээний төлбөрийн мэдээллийг FICO® зээлийн оноо тооцоход ашигладаггүй болно
Зээлийн мэдээллийн үйлчилгээ болон оноонд суурилсан үнэлгээний тогтолцоонд иргэдэд хамааралтай хэд хэдэн шинэчлэл хийгдэж байна. Sainscore зээлийн мэдээллийн сангаас эдгээр өөрчлөлт болон иргэдийн анхаарах шаардлагатай мэдээллийг хүргэж байна.
FICO® Зээлийн оноо гэж юу вэ?
FICO® Зээлийн Оноо нь иргэний зээлийн мэдээлэл, төлөлтийн түүх болон зээлтэй харилцсан зан төлөвт үндэслэн зээлжих чадварыг тоон утгаар илэрхийлдэг үзүүлэлт юм.
Зээлийн мэдээллийн лавлагаа нь иргэний авсан зээл, төлөлт, үлдэгдэл болон өр төлбөрийн дэлгэрэнгүй түүхийг харуулдаг. Харин зээлийн оноо нь уг мэдээлэлд үндэслэн тухайн иргэний төлөлтийн зан төлөв, санхүүгийн сахилга батыг нэгтгэн үнэлнэ.
“Хар жагсаалт” бус, оноонд суурилсан үнэлгээ
Өмнө нь зээлийн төлөлтөө хугацаа хэтрүүлсэн иргэд өөрсдийгөө “хар жагсаалт”-д орсон, дахин зээл авах боломжгүй болсон гэж ойлгох нь түгээмэл байв.
Харин оноонд суурилсан үнэлгээний үед иргэнийг зөвхөн нэг удаагийн хугацаа хэтрэлтээр шууд дүгнэхгүй. Зээлийн нийт түүх, сүүлийн үеийн төлөлтийн зан төлөв болон санхүүгийн сахилга батыг цогцоор нь үнэлэх боломжтой.
Зээлийн оноо нь зээл олгох шийдвэрийн цорын ганц шалгуур биш. Банк, санхүүгийн байгууллага тухайн иргэний орлого, өр төлбөр, төлбөрийн чадвар, барьцаа болон дотоод бодлого зэрэг бусад үзүүлэлттэй хамтатган эцсийн шийдвэрээ гаргана.
FICO® Зээлийн оноо өсөж, буурч болно
FICO® Зээлийн оноо тогтмол нэг түвшинд хадгалагдахгүй. Иргэний зээлийн мэдээлэл болон төлөлтийн зан төлөв өөрчлөгдөхөд оноо өсөх, буурах эсвэл хэвээр үлдэх боломжтой.
Зээлийн төлбөрөө хугацаанд нь тогтмол хийх, үлдэгдлээ зохистой удирдах, зээлээ төлж дуусгах болон урт хугацаанд хариуцлагатай түүх бүрдүүлэх нь оноонд эергээр нөлөөлж болно.
Харин төлөлтийн хугацаа хэтрэх, богино хугацаанд олон зээлийн хүсэлт судлуулах, зээлийн ашиглалт болон өрийн хэмжээ нэмэгдэх зэрэг нь оноо буурахад нөлөөлөх боломжтой.
Онооны өөрчлөлт нь нэг үйлдлээр бус, тухайн иргэний зээлийн нийт мэдээлэл болон түүхэнд үндэслэн тодорхойлогдоно.
FICO® Оноо бодит цагийн горимоор шинэчлэгдэнэ
Банк, санхүүгийн байгууллагаас иргэний зээлтэй холбоотой шинэ мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн даруйд FICO® Зээлийн Оноо тухайн мэдээлэлд үндэслэн дахин тооцоологдоно.
Бодит цагийн горим гэдэг нь иргэн төлбөр хийсэн яг тэр мөчид оноо өөрчлөгдөнө гэсэн үг биш. Харин банк, санхүүгийн байгууллага төлөлтийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлсний дараа оноо шинэчлэгдэнэ.
Үүрэн холбоо, хэрэглээний төлбөр оноонд нөлөөлөхгүй
Үүрэн холбооны оператор болон хэрэглээний бусад үйлчилгээний төлбөрийн мэдээллийг зээлжих зэрэглэлийн оноо тооцоход ашиглахгүй.
Цаашид FICO® Зээлийн Оноог зээл, зээлийн төлөлт, үлдэгдэл болон зээлийн түүх зэрэг зээлтэй шууд холбоотой мэдээлэлд үндэслэн тооцно.
Санал, хүсэлт, гомдлоо Sainscore®-д гаргах боломжтой
Иргэд өөрийн зээлийн мэдээллийг зөрүүтэй, дутуу, буруу эсвэл шинэчлэгдээгүй гэж үзвэл Sainscore®-д санал, хүсэлт, гомдлоо гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой.
Хүсэлтийг дараах сувгаар хүлээн авна:
- Sainscore-ийн 7509-0000 дугаарын call center;
- Sainscore мобайл апп.
Иргэний хүсэлтийн дагуу мэдээллийг нийлүүлсэн банк, санхүүгийн байгууллагын эх үүсвэртэй тулган шалгаж, үндэслэлтэй тохиолдолд холбогдох засварыг оруулна. Гомдол гаргаснаар мэдээлэл шууд устахгүй бөгөөд мэдээллийн үнэн зөв байдлыг баталгаажуулсны дараа шийдвэрлэнэ.
Иргэд зээлийн мэдээлэл болон оноогоо тогтмол хянаж, зөрүү илэрвэл албан ёсны сувгаар хүсэлт гаргах нь зүйтэй. Мөн төлбөрөө хугацаанд нь тогтмол хийх нь зээлийн түүхээ сайжруулж, дараагийн санхүүгийн боломжоо нэмэгдүүлэх үндэс болно.
FICO® Зээлийн Оноо болон зээлийн мэдээллийн лавлагааг Sainscore мобайл апп болон E-Mongolia платформоос авах боломжтой.
Эх сурвалж: “Титан Си Ар Эй” ХХК буюу Sainscore зээлийн мэдээллийн сан
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
