ФОТО: Японд болох Азийн зуны спортын наадамд манай улсаас 303 тамирчин өрсөлдөнө
Японы Нагояа хотноо ирэх есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-нийг дуустал Азийн зуны спортын наадам болно.
“Айчи-Нагояа 2026”Азийн наадам “Imagine One Asia” уриан дор есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний өдрүүдэд Айчи муж болон Нагояа хотод болно.
Монгол Улсаа төлөөлж 31 спортын төрөлд 303 тамирчин өрсөлдөх юм. Энэ өдөр Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын үйл ажиллагааг Монголын Үндэсний олимпын хорооноос зохион байгууллаа.
Үйл ажиллагаанд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва, “Айчи-Нагояа 2026”Азийн наадамд өрсөлдөх Монголын багийн ахлагч, УИХ-ын гишүүн, МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга, Монголын багийн дэд ахлагч УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, МҮОХ-ны гишүүд, хүндэт зочид тамирчид, дасгалжуулагч, албаны төлөөлөл оролцов.
Япон Улс Азийн наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд өмнө нь “Токио-1958” “Хирошима -1994” онд тус наадмыг хүлээн авч байв.
Ташрамд сонирхуулахад шар тивийн 20 дахь удаагийн наадмын нээлтэд Монголын багийн тугчаар дээд лигийн "Хасын Хүлэгүүд" багийн тоглогч, 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Ч.Тэмүүлэн, Волейболын үндэсний шигшээ багийн тамирчин П.Энххүслэн нар сонгогджээ.
ФОТО
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
