Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо
Мүүний шашин гэгддэг Эв Нэгдлийн Сүмийн тэргүүн Хан Хак Жа хээл хахууль өгч, улс төрийн санхүүжилтийн хууль зөрчсөн хэргээр өчигдөр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонсжээ.
Тэрбээр тус улсын тэргүүн хатагтай асан Ким Кон Хид нийт 80 сая воны ($57,900) үнэ бүхий хоёр ширхэг Chanel брэндийн цүнх, алмаазан зүүлт бэлэглэснийг шүүх тогтоосон юм байна.
Энэ оны эхээр тэргүүн хатагтай асан тус шашны байгууллагаас хээл хахууль авсан хэрэгтээ 20 сарын хорих ял сонсож байв.
Одоо 83 настай Хан Хак Жа нь Эв Нэгдлийн Сүмийн үүсгэн байгуулагч Сүн Мюн Мүүн агсны бэлэвсэн эхнэр юм.
2022 оны дөрөвдүгээр сараас долдугаар сарын хооронд өгсөн дээрх бэлэг сэлтийнхээ хариуд тэр тэргүүн хатагтайгаар дамжуулан ерөнхийлөгч асан Юн Сүк Ёлоос улс төр, бизнесийн дэмжлэг авч байсан гэнэ.
Прокурорууд шалгалтаараа тус шашны байгууллага улс төрд нөлөөлсөн тохиолдлыг анх удаа нотлох баримтаар баталгаажуулсан нь энэ юм байна.
Шүүх хурлын үеэр тэд Хан Хак Жагийн авдраас илрүүлсэн $19 саятай тэнцэх бэлэн мөнгөний гэрэл зургийг шүүгчдэд үзүүлжээ.
Тэргүүн хатагтай асан Chanel цүнхнүүдийг авснаа хүлээсэн ч сүүлд хэрэглэлгүйгээр буцааж өгсөн гэж мэдүүлсэн юм.
Албан ёсны нэр нь Дэлхийн Энх тайван, Эв Нэгдлийн төлөөх Гэр Бүлийн Холбоо гэгддэг Эв Нэгдлийн Сүм нь 1950-аад оны үед Сүн Мюн Мүүний санаачилгаар үүсгэн байгуулагдаж байжээ.
Тус байгууллагын үйл ажиллагаа Сөүлээс гадна Токио, Вашингтон хүртэл өргөжсөн гэдэг. 2021 онд Эв Нэгдлийн Сүмийн байгуулсан шинэ бодлогын хүрээлэнгийн нээлтэд олон улс төрчид видео мэндчилгээ илгээж байсны дотор АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, дэд ерөнхийлөгч асан Майк Пэнс, Японы ерөнхий сайд асан Абэ Шинзо, Сөүл, Пусан хотуудын дарга нар багтаж байжээ.
Абэ Шинзо аллагад өртсөний дараа энэ байгууллагын үйл ажиллагаа Японы нийгмийн анхаарлын төвд орж, эрх баригчид Эв Нэгдлийн Сүмийн салбарыг татан буулгах шийдвэр гаргаж байв. Сингапур зэрэг дэлхийн зарим оронд энэ байгууллагын үйл ажиллагааг хориглосон байдаг.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
