“УБТЗ” ХНН: “Хилийн чанад дахь орос багш” төслийн хүрээнд манай улсад ажиллах ОХУ-ын багш нарыг хүлээн авч уулзав

ikon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

ОХУ-ын Гэгээрлийн яамнаас хэрэгжүүлж буй “Хилийн чанад дахь орос багш” олон улсын хүмүүнлэг, боловсролын төслийн хүрээнд УБТЗ-ын харьяа Төмөр замын их сургууль, Политехник коллеж болон Улаанбаатар, Дархан, Зүүнхараа, Сайншанд, Замын-Үүд зангилааны ерөнхий боловсролын зарим сургуульд багшлах ОХУ-ын багш нарыг өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн хүлээн авч уулзлаа.

Тэрээр уулзалтын үеэр хэлэхдээ “Монгол, Оросын олон жилийн найрамдалт харилцаанд боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагаа онцгой чухал байр суурь эзэлж ирсэн. Монгол, Оросын хамтарсан байгууллага болох “Улаанбаатар төмөр зам” ХНН ч энэхүү харилцааны бодит илэрхийлэл, хоёр орны ард түмэн, мэргэжилтнүүдийг холбосон чухал гүүр байсаар ирсэн. Тийм учраас  “Хилийн чанад дахь орос багш” төсөлд “Улаанбаатар төмөр зам” ХНН нэгдэн оролцож байгаа нь бидний хувьд онцгой ач холбогдолтой юм” гэдгийг онцлон дурдаад ОХУ-ын багш нарт ажлын амжилт хүслээ.

Энэхүү төсөл нь орос хэлний сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, мэргэжлийн орос хэлтэй хүний нөөцийг бэлтгэхэд чиглэж байгаа юм.

“Хилийн чанад дахь орос багш” төслийн хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн урилгаар ирж байгаа 10 багш нь ОХУ-ын нэр хүндтэй их сургуулиудыг төгсөж Москва, Санкт-Петербург, Воронеж, Нижний Новгород, Челябинск зэрэг хотод ажиллаж байгаад иржээ.

Уулзалтад “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлага, Монгол Улсын Боловсролын Яам, ОХУ-ын Элчин сайдын Яамны төлөөлөл байлцсан байна.

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.