Г.Отгонтамир: Явган зорчигчдод зам тавьж өгөхийг жолооч нарт уриалж байна

Д.Янжиндулам, ikon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хичээлийн шинэ жил эхэлж байгаа энэ өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй ч 09:30 цагийн байдлаар нийслэл хотын гол авто замуудын хөдөлгөөний нөхцөл байдлыг танилцууллаа.

Энэ тухай ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир "Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Нийслэл хотын 300 гаруй сургуулийг чиглэсэн замын хөдөлгөөний эрчим эрс нэмэгдэж байна.

Олимпын гүүр, Энхтайвны гүүр, Нарны зам, Сөүлийн гудамж, Нэгдүгээр сургуулийн урд талын зам, Моннисийн уулзвар, Наадамчдын гудамж, Нарны гүүр, Дунд голын зам, Сонсголонгийн зам, Зайсангийн уулзвар, Алтай хотхон, Яармагийн зам, ТЭЦ-3-ын зүүн урд уулзвар, Хурд хороолол, 19-ийн үйлчилгээний төвийн зам, 120 мянгатын уулзвар, Уулын зам, Нарантуул захын уулзварын замын хөдөлгөөн хэвийн жигд үргэлжилж байна.

Баянбүрдийн тойрог руу баруунаас зүүн тийш чиглэсэн хөдөлгөөн ачаалал авсан бол Гэсэр сумын уулзварын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. 100 айлын замын уулзварын хөдөлгөөн хэвийн" байгааг харууллаа.

Замын хөдөлгөөний зохицуулалтын талаар "Хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ТЦА-ны албан хаагч нар сургууль, цэцэрлэгийн орчмын зам, ойролцоох уулзвар, гарц дээр дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. 

Мөн 3,000 орчим эцэг, асран хамгаалагч нар Shcool police -ийн үүрэг гүйцэтгэж байгаа тул тэдний тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, гарц, гарамтай хэсгээр гарч буй явган зорчигч нарт зам тавьж өгөх, жолооны ард гар утсаа оролдохгүй байхыг жолооч нарт уриалж байна. Хороолол, хотхон, сургууль, цэцэрлэг орчимд жолооч нар 20км/цагийн хурдтай зорчихыг Замын хөдөлгөөний дүрэмд заасан байдаг.

Эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдээ сургуулийн гадаа машинаас буулгаж, ганцааранг нь явуулдаг нийтлэг зөрчил байдаг. 10 хүртэлх насны хүүхдийг сургууль руу нь оруулж өгөх ёстой. Хүүхдийн аюулгүй тээвэрлэлтэд анхаарахыг эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөе" хэмээв.

Харин явган зорчигч зам хөндлөн гарахдаа гар утсаа оролдохгүй байхыг анхаарууллаа.

Маргааш буюу есдүгээр сарын 2-ны өдөр автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилах зохицуулалт үйлчлэх бөгөөд тэгш тоогоор төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцоно.
зураг