АНУ-ын ТТГ-ын даргын Москвад хийсэн айлчлал “зорилгодоо хүрсэн”-ийг Литва улсын ерөнхийлөгч мэдэгджээ
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Тагнуулын Төв Газрын (CIA) дарга Жон Рэтклиффийн урьдчилан зарлалгүйгээр Москвад хийсэн айлчлал дэлхий нийтийн анхаарлыг татсан ч ямар зорилготой байсан нь бүрхэг хэвээр байгаа.
Тэгвэл Литва улсын ерөнхийлөгч Гитанас Науседа өчигдөр Вильнюс хотод болсон арга хэмжээний үеэр үг хэлэхдээ уг айлчлалын үр дүнгийн талаар АНУ-аас мэдээлэл авснаа мэдэгдээд айлчлал зорилгодоо хүрснийг батлан илэрхийлжээ.
“Айлчлалын зорилго бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах байсан бөгөөд айлчлал уг зорилгодоо хүрснийг би батлан хэлж чадна. Энэ мессэж Кремлийн дэглэмд зөв цагтаа хүрч чадсан гэдэгт би маш их итгэлтэй байна” гэж Науседа хэлсэн юм.
Рэтклиффийн айлчлалын дараа тэр хэнтэй уулзсан, ямар асуудал хөндсөн талаар албан ёсны мэдээлэл тун хомс байгаа.
АНУ-ын зарим хэвлэлүүдийн нэрээ нууцалсан эх сурвалжаас авсан мэдээллээр бол НАТО-гийн гишүүн орнуудын нутаг дэвсгэрт халдахгүй байхыг Оросын эрх баригчдад Рэтклифф анхааруулсан гэнэ.
Үүнийг Кремлийн хэвлэлийн албанаас тодруулахад үгүйсгэсэн юм.
“Уулзалт санамсаргүй тохиолдол байгаагүй, дамжуулах ёстой мессэжийг цаг тухайд нь дамжуулах зорилготой байсныг бид нуух хэрэггүй юм” гэж Науседа нэмж хэлжээ.
Украины дайн сунжирсантай зэрэгцэн Оросын тал НАТО-гийн шийдэмгий байдлыг сорихын тулд хил залгаа аль нэг гишүүн орны нутаг дэвсгэрт хязгаарлагдмал хүрээнд өдөөн хатгасан халдлага үйлдэж болзошгүй гэх яриа Өрнөдийн дипломатчидын дунд тараад байгаа юм. Ийм халдлагад өртөх магадлалтай улсуудад Балтийн тэнгисийн Литва, Латви, Эстони улсууд багтаж байгаа. Рэтклиффийн айлчлалын нэг зорилго үүнээс урьдчилсан сэргийлэх байсан байж болзошгүйг Литвийн ерөнхийлөгчийн мэдэгдэл харуулж байна.
Эх сурвалж: DPA
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
