БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

М.Батчимэг, ikon.mn
2 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026 оны Элсэлтийн Шалгалт өнөөдөр эхэлж байгаатай холбогдуулан ЭШ-ын зохион байгуулалт, явц, шалгалтын үе шат, дүн оноо танилцуулах үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

Улсын хэмжээнд нийт 55 шалгалтын байранд 49,014 шалгуулагч бүртгүүлсэн байна. ЭШ өнөөдөр Монголын түүхийн хичээлээр эхэлж байгаа ба уг хичээлээр жил бүр хамгийн цөөн тооны шалгуулагчид шалгуулдаг байна. 

Шалгалтын төв болгон дээр эмч болон сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэх сэтгэлзүйчид, хэв журам сахиулах цагдаа нар ажиллаж байгаа аж. Шалгалтын байран дээр нэг цагийн өмнө ирж, өөрийн суудал дээр 10 минутын өмнө ирээд бэлтгэлээ хангасан байвал сандрахгүй, шалгалтаа сайн өгөх үр нөлөөтэйг зөвлөв. 

Энэ жилээс эхлэн тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулан тусад нь шалгалтын төв гаргасан байна. Тусгай хэрэгцээт хүүхдүүд өргөдөл, эмчийн магадалгаа, сургуулийн тодорхойлолтуудаа Боловсролын үнэлгээний төвд ирүүлснээр тусгай нөхцөлүүдээр үсгийг нь томруулах, брайл хэвлэх, сонсох төхөөрөмж, тусгайлсан хянагч багш зэрэг бүх арга хэмжээг авч ажиллах аж. 

Шалгуулагчид шалгалтад ирэхдээ: 

  • Суудлын хуваарь 
  • Бүртгэлийн хуудас 
  • Иргэний үнэмлэх
  • Бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэрчилгээгээ авч ирнэ. 

Математик, физик, химийн шалгалтууд 100 минут, бусад шалгалтууд 80 минут үргэлжлэх юм байна. 

Шалгалтад авч орохыг хориглосон зүйлс: 

  • Гар утас,
  • ном,
  • дэвтэр,
  • чихэвч,
  • компьютер,
  • таблет,
  • ухаалаг цаг,
  • тооны машин,
  • ноорог цаас,
  • дуу хураагч,
  • үзгэн болон тосон бал,
  • толь бичиг,
  • томьёоны хураангуй зэрэг хууран мэхлэх зорилготой, бусдад саад болох эд зүйлс авч орохыг хориглоно. 

Хэрэв шалгалтын дэгийг зөрчвөл шалгалтын оноог тооцохгүй гэв.