Н.Өсөхбаяраас допингийн шинжилгээ авахдаа процессын алдаа гаргасан гэж үзлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
5 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн жилийн баяр наадмаар найм давснаар улсын гарди цол хүртээд байсан аймгийн хурц арслан Н.Өсөхбаяраас допингийн төрлийн бодис илэрсэн билээ.

Уг асуудлаар Н.Өсөхбаяр нь Монголын Олон Улсын ба Үндэсний Спортын Арбитрын Дэргэдэх Допингийн давж заалдах комисст хандсан юм. Тус хэргийн шүүх хурал хоёр ч удаа талуудын хүсэлтээр хойшлогдсоны эцэст өнөөдөр шийдвэрээ гаргалаа.

Өглөөний 10:00 цагт эхэлсэн хурал 10 гаруй цаг үргэлжилсний дараа 22:00 цагийн орчимд шийдвэрээ танилцуулав. 

Улмаар шүүхээс допингийн шинжилгээ авах процесс болон тээвэрлэлтийн горимд алдаатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Ингэснээр Н.Өсөхбаярын эрх сэргэх нөхцөл бүрдэж байна. Өөрөөр хэлбэл түүнээс илэрсэн допингийн шинжилгээг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Энэ талаар Н.Өсөхбаяр "Тулгамдаж байгаа тул юу гэхээ мэдэхгүй байна. Намайг дэмжсэн ард түмэндээ баярлалаа" гэв. Харин түүний өмгөөлөгч "Шинжилгээ авах процесст алдаа гарсан гэж үзлээ. Шийдвэр албажихаар илүү тодорхой болох байх" гэсэн юм.