Сирийн шүүх дарангуйлагч Ассадын үеэлийг 10 гаруй гэмт хэрэгт буруутгажээ

Т.Давааням, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сирийн дарангуйлагч асан Башар аль-Ассадын үеэлийн хэргийг шүүх хоёр дахь хуралдаан Ням гарагт зохион байгуулагдаж, хүн амь, аллага, эрүүдэн шүүлт зэрэг 10 гаруй төрлийн гэмт хэрэгт түүнийг буруутгажээ.

Атеф Нажиб нь өмнөх дэглэмийн үед Сирийн өмнөд бүсийн Дераа мужийн улс төрийн аюулгүй байдлын албаны даргаар ажиллаж байсан юм.

Өчигдөр тэр Дамаск хотын Дөрөвдүгээр Шүүхийн байранд болсон хуралд хоригдлын хувцастай, торны цаанаас оролцжээ.

14 жил үргэлжилсэн Сирийн иргэний дайн 2011 онд эхлэхэд Нажиб жагсагчдын эсрэг хүч хэрэглэх ажлыг удирдаж байсан юм.

Нажибын эсрэг 75 хүн нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хурлын үеэр тэднээс мэдүүлэг авах төлөвлөгөөтэй байна.

Нэг цаг орчим нээлттэй үргэлжилсэн шүүх хурал зарим гэрчийг хамгаалах үүднээс хаалттай горимд шилжжээ.

Нажибын шүүхийн эхний хуралдаан дөрөвдүгээр сарын 26-ны өдөр бэлтгэл хангах зорилготой зохион байгуулагдаж байв.

Энэ нь Ассадын дэглэмийн үеийн албан тушаалтнуудын хэргийг шүүх анхны хурал болсон юм.

Башар аль-Ассад 2024 оны арванхоёрдугаар сард Орос руу зугтсан бол түүний тойрон хүрээлэгчдийн ихэнх нь мөн Сириэс зугтаад байгаа.

Сирийн шилжилтийн үеийн ерөнхийлөгч Ахмед аль-Шараагийн засгийн газар хагас сая орчим хүн амиа алдсан иргэний дайны гэмт хэрэгтнүүдийг шүүх амлалтаа хэрэгжүүлэлгүй удсан нь иргэдийн зүгээс нэлээд шүүмжлэл дагуулаад байна.

Дераа мужийн аюулаас хамгаалах албыг удирдаж байхдаа Нажиб сургуулийн ханан дээр засгийн газрын эсрэг утгатай граффити зурсан хүүхдүүдийг баривчилж, эрүүдэн шүүсэн нь иргэний дайны явцыг улам эрчимжүүлсэн юм.

Сирийн одоогийн эрх баригчид 2025 оны нэгдүгээр сард Латакия мужид өмнөх дэглэмийн албан тушаалтнуудын эсрэг ажиллагаа явуулах үеэрээ Нажибыг баривчилж байжээ.

 

Эх сурвалж: Aljazeera