Туулын хурдны замын ажил нууцаар явагдаж байна гэх гомдлын дагуу шалгахад цемент цутгах, гагнуурын ажил зэргийг үргэлжлүүлж байжээ

М.Батчимэг, ikon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

11-11 төв болон цахим орчинд “Туулын хурдны замын ажил нууцаар явагдаж байна” гэх агуулга бүхий гомдол, мэдээлэл ирсээр байжээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас хяналт тавьж ажиллахад төслийн талбайд дөч орчим машин техник, инженер, техникийн ажилтнууд цемент цутгах болон гагнуурын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан нь тогтоогдсон талаар мэдээллээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Туулын хурдны замын төслийг хууль хяналтын байгууллагаас хяналт шалгалт явуулж дуустал зогсоох шийдвэр гараад байгаа юм. 

Ерөнхий хянан шалгагчийн зүгээс цаашид хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж, илэрсэн зөрчил, нөхцөл байдлын талаар Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулахаа мэдэгдсэн байна. 

Хяналт шалгалтын ажиллагаанд Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр байлцсан бөгөөд хууль хяналтын эрх бүхий байгууллагуудаас эцсийн шийдвэр гартал төслийн бүх төрлийн ажлыг бүрэн зогсоохыг албан ёсоор сануулжээ.