Стратегийн ордын өгөөжийн 60 хувийг Үндэсний баялгийн сан руу хуваарилдаг болох хуулийн төслийн талаар хэн, юу хэлэв?

А.Ням-Өлзий, iKon.mn
1 цаг 29 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Засгийн газраас стратегийн болон үүсмэл ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй өнөөдөр /2026.05.11/ уулзжээ.

Энэхүү уулзалтын үеэр талуудын илэрхийлсэн байр суурийг товчлон хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: Имонгол дээр харагддаг Чингис хаан үндэсний баялгийн сангийн иргэн болгоны хуримтлалын дансны үлдэгдэл 306 мянган төгрөг боллоо.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу төрийн эзэмшлийн хувь хэмжээнд ногдох 34 хувийг иргэний хуримтлалын санд хийгээд иргэн болгонд хувилаад үзэхээр энэ ондоо багтаж 500 мянга төгрөг болно гэж тооцоолж байгаа. Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар төрийн эзэмшлийн хувь хэмжээг стратегийн ордуудад тогтоох эрх зүйн орчин бүрдсэн. Гэхдээ санхүүгийн модель гаргаад компаниудтай хэлэлцээр хийгээд эхлэх юм бол Г.Дамдинням сайдын хэлж байгаагаар 55 жил шаардлагатай юм байна. Маш их цаг хугацаа шаардана гэсэн үг. Дээрээс нь хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байхгүй бол гаднын хөрөнгө оруулагчид Монголд ирж үйл ажиллагаа явуулахад бэрхшээл учирдаг. УИХ ямар ч шийдвэр гаргаж магадгүй, ямар ч хууль гаргаж магадгүй. Тиймээс бид ойлгомжтой, тодорхой байдлаар асуудалд хандах ёстой.

зураг
 

“Орано майнинг”-тай хийсэн гэрээнд төрийн эзэмшлийн 34 хувийг тусгай АМНАТ-өөр оруулсан. Дээрээс нь өсөн нэмэгдэх АМНАТ тооцож байгаа. Ингээд тусгай АМНАТ-өөр орлуулсан үр өгөөжийг баялгийн сан руу хуваарилагдах зохицуулалт хийсэн. Энэ жишгийн дагуу явах нь хамгийн зөв юм.

Тиймээс Стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, баялгийн санд хуваарилах тухай гэдэг бие даасан хуулийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэх Засгийн газрын бодлого тодорхой болоод байна.

Өмнөх Засгийн газрын үед та бүхэн өгөөжийнхөө 60 хувийн төрд өгөх тухай хэлэлцээр хийхэд бэлэн байна гэдэг санамж бичигт гарын үсэг зурсан юм билээ. Гэвч өнөөдрийн хүчин төгөлдөр хуулиар 60 хувийн өгөөжид юу юуг тооцох вэ гэдэг нь ойлгомжгүй байна. Жишээ нь, “Орано майнинг”-тай хийсэн гэрээнд усны төлбөр, агаарын бохирдлын төлбөр, ААН-ийн орлогын албан татвар гэхчлэн ямар ямар төлбөр, татвар нийлээд 60 хувь хүрэх вэ гэдгийг хуульчилж өгөөгүй учраас хэлэлцээр хийхэд ойлгомжгүй байсан. Нэг тал нь 60 хувийн өгөөжөө өгсөн гээд байдаг. Нөгөө тал нь 60 хувьдаа хүрэхгүй байна гээд байдаг. Тэгэхээр энэ хуулиар 60 хувийн өгөөжид юуг тооцох вэ гэдгийг тодорхой болгоно. Ингээд төрийн эзэмшлийн хувь хэмжээ баялгийн санд шууд ордог болсноор өнөөдөр иргэн бүрийн нэрийн дансанд байгаа 306 мянган төгрөг өсөх боломжтой болно.

Орд эзэмшигч болгонтой хэлэлцээр хийхэд маш их цаг алдана. Тиймээс 60 хувийг өгөөжийг хуульчлаад, тусгай АМНАТ дээр хэлэлцээр хийе. Хууль батлагдсаны дараа хэлэлцээр хийх шаардлагагүй болно.

Энержи ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл: Ерөнхий сайдын зүгээс ийм хувилбар гаргаж байгаад компаниа төлөөлж байгаагийн хувиар баяртай байна. Аж ахуйн нэгж болгонтой хэлэлцээр хийх юм бол хэнээс нь эхлэх үү, хэнийг нь түр орхих уу гэдэг байдал ажиглагдана.

зураг
 

Манай компани Тавантолгойн бүлэг ордод зургаан лиценз эзэмшиж байгаад 2008 онд тавыг нь төрд буцааж өгсөн. Хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж ойлгож байсан. Гэвч 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор энэ асуудал дахин сөхөгдөж эхэлсэн.

Салбарын гацааг арилгах үүднээс бид хэлэлцээр идэвхтэй оролцоод явж байсан. Энэ шийдлийг зөв шийдэл гэж харж байна. Хэн нэгнийг ялгаварлахгүй, нийтлэг үйлчлэх зарчимтай. Хувь хэмжээ нь өсөн нэмэгдэх хэлбэртэй байх нь зөв. Энэ саналыг 100 хувь дэмжиж байна. Мөн ашигт малтмал болгоноор төрөлжсөн байх ёстой гэдэг саналыг дэмжинэ. Тусгай АМНАТ хэдээр ч тогтсон бай тохируулагч төлбөр аваад явна гэдгээ хуульчлах юм бол тоо хэмжээн дээр маргах зүйлгүй.

Яагаад гэвэл өгөөж нь заасан хувьдаа хүрэхгүй болсон тохиолдолд жил болгон өсөн нэмэгдэх тооцооллоо хийгээд явахад нэг удаагийн тохируулагч төлбөрөө хийгээд түүнийгээ бариад явчихна. Энэ дээр анхаарах юм нь тусгай АМНАТ баялгийн санд орно гэсэн хэр нь тохируулагч төлбөр хаашаа орох нь тодорхой байна. Тиймээс тохируулагч төлбөр ч гэсэн Баялгийн сангийн хуримтлалын санд орно гэдгийг тодотгож өгөх хэрэгтэй байх.  

Өгөөж дотор юу орох вэ гэдэг дээр бүх татвар, хураамж орно гэдэг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан. Тэгэхээр бид бүх татвар, хураамж үүндээ ороод явна гэж ойлгож байгаа.

“Ачит Ихт” ХХК-ийн үүсгэн байгуулагч П.Цагаан: Үндсэн хуульд газрын баялгийн өгөөж ард түмэнд гэсэн үг бий. Одоо бол Засгийн газрын өгөөжийн тухай яриад байгаа. Үүнд татвар төлбөр, хураамж, роялти орно. Бусад оронд бол нийгмийн өгөөч гэж тооцдог. Түүн шиг ажлын байр бий болгох гэдэг ч юм уу тиймэрхүү хэлбэр байх уу гэдэг асуулт байна.

зураг
 

Энэ хууль дээр ялгавартай байдал ажиглагдаж байгаа. Юу гэхээр, Оюутолгой дээр үүсмэл орд ашиглах юм бол 10 хувийн роялти, Эрдэнэт бол 15 хувь юм шиг ойлгомжгүй заалт байна. Байршил, өмч, намын харьяаллаар нь ялгавартай хандаж болохгүй. Үүнд дээр салбар яам анхаарах байх.

Үүсмэл ордод тусгай зөвшөөрөл олгодог байснаа 2022 онд зөвшөөрөлгүй болгосон. Гэтэл АМНАТ авна гээд байдаг. Тэгэхээр төр АМНАТ авах гэж байгаа бол тусгай зөвшөөрөл өгдөг байх хэрэгтэй.

Ерөнхий сайдын санаачилсан хуулийг дэмжиж байгаа. Эцэст нь үндэсний бизнес эрхлэгчдээ ялгаварлахгүй дэмжээд ажиллавал заавал гаднынхныг царайчлахгүй аваад явчих боломжтой болсон шүү, бидэнд итгээрэй.

Бороо гоулд ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнбадам: Манай компани 29 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид Ерөнхий сайдын танилцуулсан хуулийн төслийг дэмжсэн байр суурьтай байгаа. Манай компани эдийн засгийн үр ашигтай нөөцөө 2003-2013 оны хооронд авч дууссан. Өнөөдөр ажиллаж байгаа гол шалтгаан нь дэлхийн зах зээлд алтны үнэ ханш өссөнтэй холбоотой. Өнөөдрийн байдлаар 704 монгол ажилчинтай, хоёр аймгийн гурван сумын нутгийг дамнан үйл ажиллагаа явуулж байна.

зураг
 

Хэрэв алтны ханш унавал бид үйл ажиллагаа явуулах боломжгүй болно.

УИХ-ын 2007 оны тогтоолоор Бороо гоулд ХХК стратегийн ордод хамрагдсан. Ямар ордыг стратегийн ордод хамааруулах вэ гэдгээ тооцож үзэх саналыг гаргаж байна.

МАК группийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн: Баялгийн санг арвижуулах зорилгыг дэмжиж байгаа. Бид сүүлийн 15 жилд АМНАТ-т 15 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Гэтэл зөвхөн ногдол ашиг хэлбэрээр иргэдийн дансанд оруулж байна. Норвегийн баялгийн санг харахад АМНАТ нь шууд хуримтлалын сандаа 100 хувь ордог. Харин манайд бол төсөвтөө оруулж, зарцуулалт хийдэг. Энэ нь улс төржилт, попролтын үндсэн шалтгаан болж байна гэж хардаг.  

Ашигт малтмалын орд эзэмшиж, 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хувьд бид дийлэнхээс дээш хэмжээний өгөөжийг татвар, хураамж хэлбэрээр улсын төсөвт өгч ирсэн. Тэгш гэдгийг 50:50 гэсэн харьцаатай гэж ойлгодог. Түүнээс биш 60:40 нь тэгш байх уу үгүй юу.

Өмнөх Ерөнхий сайдын дэвшүүлж байсан 60 хувийн өгөөж гэдгийг хуульчилна гэж байна. Уул уурхайн салбарт үр ашиг, хөрөнгө оруулалт бүгд өөр байдаг. Төрд өгөх 60 хувийн өгөөждөө хүрэхгүй бол хуулийн дагуу 60 хувьд нь хүргэх ёстой юм байна.

Манай улс маш өндөр татвартай. Гаднын хөрөнгө оруулалт татъя гэж байна. Гэхдээ гаднын хөрөнгө оруулалт өгөөжийн 60 хувьтай хамт оршин тогтнох аргагүй юм биш үү гэж харагдаж байна.