Анх удаа 48 баг оролцож байгаа хөлбөмбөгийн ДАШТ хөшгөө нээв
Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ийг хамтран зохион байгуулж буй Мексикт нээлтийн тоглолт боллоо.
Талбайн эзэн Мексикийн эсрэг Өмнөд Африкийн шигшээ баг өрсөлдсөн юм.
Одоогоос 16 жилийн өмнө Африк тивд анх удаа зохион байгуулагдсан ДАШТ-ий нээлтийн тоглолтод энэ хоёр баг учраа таарч, 1:1-ээр эвийн гэрээ байгуулсан бол энэ удаад талбайн эзэд өрсөлдөгчөө 2:0-ээр илүүрхсэнээр гурван оноогоо авлаа.
Мексикчүүд нэгдүгээр үеийн ес дэх минутад Саудын Арабын лигт зүтгэдэг довтлогч Хулион Күинонесийн оруулсан гоолоор тэргүүлж эхэлсэн бол Рауль Хименес 67 дахь минутад гоолын зөрүүг холдуулснаар ялалтаа баталгаажуулав.
Өмнөд Африкийн баг хоёрдугаар хагасын эхэнд улаан хуудас авснаар хүн дутуу тоглолтоо үргэлжлүүлсэн. 84 дэх минутад Темба Зване мөн улаан хуудсаар хөөгдсөн бол Мексикийн шигшээгийн ахлагч Цезарь Монтес 90+2 дахь минутад алдаа гаргаснаар мөн талбайг чөлөөлсөн байна.
Ийнхүү Ацтека цэнгэлдэхэд цугласан 80,000 гаруй үзэгчдийнхээ өмнө мексикчүүд өрсөлдөгчөө илүүрхлээ.
Хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн үйл ажиллагаа энэ удаа гурван улсад болно. Мексикчүүдийн уламжлалыг түлхүү харуулсан бүжиг, урлагийн тоглолтыг Колумбын нэрт дуучин Шакира, Burna Boy нар хамтран "Dai Dai" дуугаараа чимэв.
Грэммийн шагналт, Өмнөд Африкийн дуучин Tyler улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлсэн бол Мексикийн дуучин Алехандро Фернандез улсынхаа сүлд дууг амилуулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

