"Хятан улсын ял шийтгэл хатуу байсан. Нэг сайдыг гэмт хэрэг үйлдсэн учир цаазаар авч, хөрөнгийг нь хураасан тухай тэмдэглэсэн байдаг"

Х.Анхтуяа, ikon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар(ШШГЕГ) болон Шинжлэх Ухааны Академи(ШУА)-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнтэй хамтран “Монголын нүүдэлчдийн хууль цааз: Уламжлал, ял шийтгэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг энэ Лхагва гарагт (2026.06.10) зохион байгууллаа.

Уг хуралд Нүүдэлчдийн ялын гүйцэтгэлийн уламжлалын зарим асуудал сэдвээр ШШГЕГ-ын Дарга, хууль зүйн Доктор (Ph.D), хурандаа А.Намсамандын илтгэлээс онцлох мэдээллийг хүргэж байна.

"Хүннүгийн үеийн хууль цаазад хүнийг 10 хүртэлх хоногоор хорьж байжээ"

ШШГЕГ-ын дарга хуулийн ухааны доктор, хурандаа А.Намсаманд "Илтгэлийн хүрээнд судалсан түүхийн өгссөн, уруудсан цаг үед Монголчууд Түрэг үндэстний эрх зүйгээ хамгаалан төр ёс, хууль цаазыг уламжлан хадгалж ирсэн ба гэм буруутай этгээдэд ял шийтгэл оногдуулж ирсэн уламжлалтай.

Хаант засаглал бүхий эртний улс орнууд шүүн таслах үйл ажиллагаа нь гагцхүү хааны хүсэл зорилгоос шууд хамааралтай. Хаан шүүн таслах дээд эрхийг эдэлж, харин зарим нэгэн түшмэд тусгайлан шүүх заргач гэх мэт цол өргөмжлөн томилж, шийтгэл оногдуулж байсан ба түүхийн цаг хугацааны явцад хэрэг шийдвэрлэх албан тушаалтнууд байжээ.

Монголын төр болон цаазын түүхэнд гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай этгээдэд ял шийтгэл оногдуулж байсан эрдэм шинжилгээний судалгаануудыг судлах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх судлалын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна. Судалгааны илтгэлийн хүрээнд дөрвөн үе шаттай авч үзсэн. Үүнд:

  • Эртний үеийн төр эрх зүй /МЭӨ III зуунаас XII зуун/
  • Дундад зууны үеийн төр эрх зүй /XIII зуунаас XX зуун/
  • Шинэ үеийн төр, эрх зүй /XX зууны эхнээс XX зууны эцэс/
  • Нэн шинэ үеийн төр, эрх зүй /XX зууны эцэс 1992 оноос хойш/
  • (1400 Гаруй жил: МЭӨ III зуунаас МЭ XIII зууны эх хүртэлх хугацааг хамруулав.

Ингэхдээ Хүннү, Сяньби, Ухуанийн, Тоба, Тогоон, Жужан/Нирун/, Уйгар, Түрэг, Хятан) зэрэг төрт улсуудыг түүхийг судаллаа.

Тухайлбал Хүннүгийн үеийн хууль цаазад хүнийг 10 хүртэлх хоногоор хорьж байжээ. Энэ нь тухайн үеийн төрийн зохион байгуулалт, уламжлалт ахуй үетэй холбоотой нөгөөтэйгүүр цэрэг дайны бэлэн байдалтай холбоотой байсан.

Жужан улсын үеийн хууль цаазад 

  • төрийн эсрэг хэрэг үймээн гаргасан,
  • хууль цааз зөрчсөн,
  • төрд тэрсэлсэн,
  • хаан түүний нэр хүнд,
  • бие мах бодод халдсан,
  • цэргийн цаазыг биелүүлээгүй,
  • дайснаас айж ухарсан үйлдлийг гэмт хэрэг гэж үзэн ял шийтгэл оногдуулж байв.

Мөн түүнээс бэрээдэх, толгойг нь чулуугаар хага цохих зэрэг цаазлан алах ял оноодог байсан гэж эх сурвалжид тэмдэглэн үлдээсэн байна. Голдуу ийм харгис, цохиж зодож, мод чулуугаар цохиж алах ялыг гол түлхүү хэрэглэж байсан гэх тэмдэглэгээ бий.

Түрэгийн үеийн хууль, цаасан бичгүүдэд ял шийтгэлийн талаарх асуудлуудаас авч үзвэл шүүхийн асуудлыг хариуцсан тусгай албан тушаалтныг Бюрүг гэдэг байжээ. Шүүгч нар хэдий хуулийг баримтлан хэрэг зараг шийтгэх боловч гол төлөв хааны зарлигаар тогтоосон хатуу хуулийг баримталдаг байсан аж.

Уйгар улсад өөрийн онцлог бүхий эрх зүй үүсэн бүрэлдэж байсан. Уйгар нь тухайн үедээ өндөр соёлтой, бичиг үсэгтэй байсан нь эрх зүй бүрэлдэхэд ихээхэн нөлөөлсөн хүчин зүйлс болсон. Төрөөс тогтоосон хууль цааз ба заншлын эрх тус улсын эрх зүйн эх сурвалжийн үндсэн төрөл болж байсан нь эргэлзээгүй.

Сүүжийн алдарт бичээс нь биед дээд заргач гэснээс үзэхэд шүүхийн асуудлыг хариуцсан төрийн тусгай түшмэд ажиллаж байцаах, шийтгэх үйл ажиллагаа эрхэлж байжээ. Энэ нь гэмт хэрэг ял шийтгэлийг шийдэж, шүүн таслах ажиллагаа явагдаж байсныг нотолж байгаа юм.

Сурвалж бичигт бичигдсэнээс үзвэл Хятан улсын ял шийтгэл хатуу байсан. Тухайлбал Хятаны хааны доод албан тушаалтан болох эх сайдын нэг Ли Чүй Ванг гэмт хэрэг үйлдсэн учир цаазаар авч, хөрөнгийг нь хураажээ. Хураасан хөрөнгө нь мөлжин авсан далан мянган хэлхээ зоос, алт, хаш эрдэнийн сав зэрэг байсан байна.

Цаазаар авсан ялтай эл хэрэг нь  албан тушаал урвуулан ашигласан, эх хөрөнгийг хууль бусаар хураан авч шамшигдуулсан гэмт хэрэг бөгөөд оногдуулсан ял болох цаазлах, хөрөнгийг нь хураах нэмэгдэл ялыг давхар эдэлж байсныг харуулж байна.

Аман яриагаар бол шорон гэж үгний үүсэл гарал нүүдлийн мал аж ахуй эрхэлдэгтэй, нүүж суудагтай холбогдуулан шорлосон модоор хашаа шон босгоод дотор нь хорьдог байсан аж. Эсвэл нүхэн шоронд хорьдог байсан гэдэг. Шорлосон мод шор гэсэн үгнээс шорон гэдэг үг гаралтай гэж зарим судлаач бичиж тэмдэглэдэг. 

Монгол Ойрадын үеийн хууль цаазын ял шийтгэлийн бодлогод нэг зүйл ажиглагдаж байгаа юм. Мэдээж өмнө нь бусад гүрнээс олж харсан зүйлүүд байхаас гадна энэ үеийн хуульд заасан хэсгүүд дээр өмнөх улс төрд хэрэглэж байсан цаазаар авах ял харьцангуй буурсан, цөөн тоогоор хэрэглэж байсан зүйл ажиглагддаг. Хууль цаазын бичигт энэ нь тухайн цаг үед Монгол орон газар нутагт буддын шашин дэлгэрэлт эрчимтэй байсантай бас холбож тайлбарладаг.

Ял шийтгэлийн тухайд цаазаар авах торгох, занчих, хөрөнгө хураах ял дийлэнх байх бөгөөд хорих ял сүүлд үүссэн гэж үзэхэд учир дутагдалтай. Ямар ч нийгмийн цаг үед гэм буруутай этгээдэд шийтгэл оногдуулахын тулд түр хорих асуудлууд байсаар ирсэн" хэмээн ярьсан юм.  

Уг хуралд Шинжлэх Ухааны Академи(ШУА)-ийн Түүх, угсаатны зүйн болон Археологийн хүрээлэн, Стратеги судалгааны хүрээлэн Шүүхийн Ерөнхий Зөвлөл(ШЕЗ)-ийн тусгай архив, Монгол Улсын Их Сургууль(МУИС)-ийн Түүхийн тэнхим болон  Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС)-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн тэнхим, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль(СЭЗИС), мөн АНУ-ын Хойд Каролайна их сургуулийн Азийн өв соёлын төвийн төлөөлөл зэрэг байгууллагуудаас 17 эрдэмтэн, судлаач оролцож, нийт 15 илтгэлийг хэлэлцүүллээ.