Б.Тэлмүүн: Засгийн газар "Онтрэ" дээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, УИХ-аар оруулах байр суурьтай байгаа
Газрын гадаргаас нэг километр гаруйн гүн дэх хүдрийн биетийг "Оюу Толгой" компани блокчлон олборлож байна.
Харин энэхүү хүдрийн биетийнх нь тодорхой хэсэг "Онтрэ" компанийн эзэмшлийн талбайд бий.
Иймд "Оюу Толгой" компанийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээнээс гадна "Онтрэ"-гийн асуудлаар Рио Тинто болон Монгол Улсын Засгийн газар хэлэлцээ хийж байгаа юм. Зээлийн хүүгийн хэлэлцээрийн дагуу хүүг 40 хувиар бууруулж, менежментийн зардлыг 50 хувиар бууруулах тохиролцоонд талууд хүрч, 2027 оноос ногдол ашиг авахаар болсон. Тэгвэл "Онтре"-гийн хэлэлцээр ямар шатанд үргэлжилж байгааг "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Тэлмүүнээс тодрууллаа.
Тэрбээр "Онтрэ дээр Монголын тал буулт хийсэн үү гэж хүмүүс асуугаад байгаа. Тийм зүйл байхгүй. Саяны гэрээ хэлцэл дээр зээлийн хүүг бууруулах, менежментийн зардлыг бууруулахтай холбоотой гэрээний заалтууд яригдсан.
Онтрэ гэдэг компанийн эзэмшдэг лицензтэй талбай нь Оюу Толгойн уурхайтай залгаа бий. Газрын доор нэг километрийн гүнд байгаа биетийг өөр талаар нь ухаад өөр компани ашиглах эдийн засгийн болон техникийн боломжгүй.
Одоогоор Оюу Толгой компанид Онтрэгийн лицензийг шилжүүлж ашиглах санал гарсан. Харин Засгийн газар ашиглаж болно, гэхдээ яаж ашиглах нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, УИХ-аар орох ёстой гэсэн байр суурьтай байна. Энэ асуудлыг Г.Дамдинням сайдын ахалсан ажлын хэсэг хариуцдаг бөгөөд Онтрэ компанийн эрх бүхий хүмүүстэй хэлэлцээд явж байна.
Засгийн газрын аль ч түвшинд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах ёстой, харилцан ашигтай байх ёстой гэдэг байр сууриндаа бий" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

