Европ, Ази тивийн 20 гаруй улсын 55 музейн удирдлага Чингис хаан үндэсний музейд энэ сарын 15-20-нд чуулна
Чингис хаан үндэсний музейд энэ оны зургаадугаар сарын 15-20-нд "Евразийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа" хэмээх музейн удирдлагуудын форум зохион байгуулагдах гэж байна.
Форумд Европ, Ази тивийн 20 гаруй орны 55 музейн удирдлага оролцож, хамтын ажиллагааны бодлого, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, дижитал музей ба инновац, музейн боловсрол олон нийт ба маркетинг зэрэг олон сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Цаашид хоёр жил тутамд энэхүү форумыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Сэргэлэн "Соёлын дипломат ажиллагаа, зөөлөн хүчний бодлогын хүрээнд Монгол Улсын төдийгүй олон улсын музейн түүхэнд нэгэн шинэ хуудас нээж байна гэж хэлж болох юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийсэн төрийн айлчлалуудын үеэр Чингис хаан музей нь үндэсний тодотголтой, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн музейнүүдтэй Санамж бичиг байгуулж байсан. Эдгээрийн гүйцэтгэлийг эхлүүлж, идэвхжүүлж байгаагийн нэг хэлбэр нь уг форум юм. Форумын үеэр зочдод Монголын музейнүүдийн сан хөмрөгтэй танилцах, Хархорум хотод гаргаж буй тусгай үзэсгэлэн үзэж, Монголын давтагдашгүй өв соёлтой танилцах боломжийг бүрдүүлж байгаа" хэмээв.
Чингис хаан үндэсний музейн захирал С.Чулуун "Олон улсын музейн зөвлөлөөс энэ жил "Хуваагдмал дэлхийг музейг нэгтгэнэ" гэсэн уриалгыг дэвшүүлж байгаа. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөнд үйл ойлголцол, зөрчил байна. Үүнийг музейн үйл ажиллагаа даван туулна гэсэн утгатай. Иймд Евразийн музейн чуулган нь энэхүү утга санаанд нийцэж буй.
Нэгэн цагт монголчууд Европ Ази тив буюу өрнө, дорныг холбож, улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны их солилцоог үүсгэсэн бол өдгөө Чингис хаан музей нь Европ, Азийн музейн удирдлагуудыг урьж, мэдлэгийн их солилцоог үүсгэх гэж байна. Манай музей байгуулагдаад гурван жил болж байгаа бол уригдан ирэх музейнүүд нь багадаа 100 жил болсон. Тэдний мэдлэг, туршлагаас хуваалцан хамтдаа хөгжих зорилготой" гэлээ.
Соёлын өвийн салбар дахь гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаар Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яамны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэн "2020 оноос өмнө Монголын музейнүүд гадаад талтай хамтын ажиллагааны найм орчим Санамж бичиг байгуулж, хамтран ажиллаж байсан бол өнөөдөр энэ тоо 40-д дөхөж байна. Мөн 2020 оноос өмнө дунджаар гурван жилд нэг удаа гадаадад үзэсгэлэн гаргадаг байсан.
Харин 2022-2026 онд жилд хоёр үзэсгэлэнг хамтран болон бие даан гаргалаа. Бид Монголд байгаа соёлын өвийг гадаадад сурталчлахаас гадна гадаадад байгаа үзмэрүүдийг Монголд авчирч, үзүүлэх чиглэлд хамтран ажиллаж байгаа" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
