Оросын өдрийг тохиолдуулан хэлсэн үгэндээ Украины дроны халдлагыг Путин “нийгмийг хагаралдуулах” зорилготой гэлээ
Өчигдөр буюу Баасан гараг нь “Оросын Өдөр” хэмээх ОХУ-д бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг баярын өдөр байлаа.
Энэ өдөр Кремлийн ордонд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрийн зэвсэгт хүчний цэргийн албан хаагчдын төлөөллийг хүлээн авч уулзжээ.
Тэрбээр энэ үеэр хэлсэн үгэндээ Украины дроны халдлагыг тус улсын нийгмийг хагаралдуулах зорилготой гэж дүгнэсэн байна.
“Тэдний зорилго бол Оросын нийгэмд хагарал үүсгэх, төөрөгдөл бий болгох, эдийн засагт хохирол учруулах явдал юм. Гэхдээ тэд амжилтад хүрэхгүй” гэж Путин хэлжээ.
Путинийг ингэж хэлэхээс хэдхэн цагийн өмнө Украины дронууд фронтын шугамаас 1,000 гаруй километрийн зайд байрладаг Оросын газрын тос боловсруулах томоохон үйлдвэрт довтолсон юм.
Украины цохилтууд Оросын эдийн засагт хохирол учруулж буйг Путин хүлээн зөвшөөрсөн ч “бүх зүйл хурдтай сэргэж байгаа” гэж мэдэгджээ.
Сүүлийн саруудад Оросын нутаг дэвсгэрийн гүнд явуулж буй Украины агаарын цохилтууд улам эрчимжиж байгаа.
Өчигдөр Путин агаарын довтолгооноос хамгаалах системээ бэхжүүлэх шаардлагатай байгааг хэлсэн нь энэ сарын хоёр дахь тохиолдол байлаа.
Энэ үеэр тэр Өрнөдийн орнуудыг Оросын газар нутгийг эзлэхийг оролдож байсан 19 дүгээр зууны Францын эзэн хаан Наполеон Бонапарт, 20 дугаар зууны нацист Германы удирдагч Адольф Хитлер нартай зүйрлэжээ.
Путин бас Украины эсрэг явуулж буй дайнд Оросын арми 700,000 цэргээ оролцуулсныг энэ үеэр дурдсан байна.
Саяхан тэрбээр Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн нүүр тулан уулзах саналд татгалзсан хариу өгсөн юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
