Скүүтэр, мопедтой явган хүний замаар явахыг, 18-аас доош насны хүн унахыг хориглосон хууль эцэслэн батлагдлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд П.Батчимэг нарын есөн гишүүний өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Санал хураалтад 81 гишүүн оролцож, 72 нь дэмжсэнээр эцэслэн батлагдлаа.
Энэ оны долоодугаар сарын 1-нээс эхэлж 18 нас хүрээгүй хүүхэд унахыг хориглосон хууль батлагдаж буй нь энэ юм.
Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Г.Уянгахишиг "Тэгэхээр энэ хууль батлагдсанаар цахилгаан скүүтер явган хүний замаар явахгүй, мопедтой адил дугуйн замаар явна. Аль аль нь байхгүй бол авто замын баруун хөвөөгөөр явна гэдэг зохицуулалт оруулж ирсэн. Мөн насны хязгаарыг 18 болгож нэмэгдүүлсэн.
Мөн түүнчлэн тодорхой байршлуудад зогсоолд тавих ёстой. Явган хүний зам болон машины хөдөлгөөнд садаа учруулахаар тавивал зөрчлийн хуулиар торгуулна.
18 нас хүрээгүй хүн унахгүй учраас эцэг, эх асран хамгаалагч дээр хариуцлагын тогтолцоог үүсгэнэ. 18 хүртэлх насны хүүхэд цахилгаан скүүтер унаж явсан бол эцэг эхийг нь 200 мянган төгрөгөөр торгоно.
Долоон компанийн 1,300 орчин цахилгаан скүүтер байгааг бүгдийг нь бүртгэлжүүлэх ёстой гэж хуульчилсан" хэмээн мэдээлэл өгч байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
