“Монголын хөрөнгийн бирж” ХК “Тэнгэр Капитал ҮЦК” ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн гэрээ байгуулжээ
"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн санаачилсан "Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр" нь зах зээлийн оролцогч талуудыг дэмжлэгээр үр дүнгээ өгч эхэлжээ.
"Монголын хөрөнгийн бирж" ХК "Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр"-ийн хүрээнд "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Гэрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч (ГЗҮТОГ) Д.Мөнхбат, "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Гомбодорж нар гарын үсэг зуран баталгаажуулсан юм.
Энэ талаар “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ГЗҮТОГ Д.Мөнхбатаас тодруулахад:
“Монголын хөрөнгийн бирж 2026 оны эхээр “Зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааны журам”-ыг шинэчлэн, тус журмын шинэчлэлийн хүрээнд хэд хэдэн бодлогын алхмуудыг хийсэн.
Тухайлбал, зах зээл үүсгэгчээр бүртгүүлсэн компаниудын арилжааны шимтгэлийг 2029 он хүртэл тэглэх, зах зээл үүсгэгчдэд арилжааны мэдээллийг үнэ төлбөргүйгээр хүргэх зэрэг бодлогын шийдвэрүүдийн үр дүн биеллээ олж үнэт цаасны компаниуд Монголын хөрөнгийн бирж дээр зах зээл үүсгэгчийн гэрээг үргэлжлүүлэн хийсээр байна” гэв.
“Зах зээл үүсгэгч нь үнэт цаасны арилжаанд худалдан авах, худалдах үнийн саналыг тогтмол байршуулж, захиалгын биелэлт, зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулах, үнэ тогтоолтыг бодитой, ил тод байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК нь хөтөлбөрт нэгдсэнээр зах зээл үүсгэгчийн тогтолцоог өргөжүүлэх үйл явц нэг шатаар ахиж байна” гэдгийг талууд онцоллоо.
"Монголын хөрөнгийн бирж" ХК-иас хэрэгжүүлж буй "Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр" нь зах зээл үүсгэгчийн тогтолцоог хөгжүүлэхээс гадна үнэт цаас зээлэх-зээлдүүлэх орчныг бүрдүүлэх, арилжааны өртгийг бууруулах, шинэ бүтээгдэхүүн, индекс, үйлчилгээ нэвтрүүлэх, өгөгдөл болон мэдээллийн ил тод байдлыг сайжруулах зэрэг цогц арга хэмжээг хамрах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

