Шувуун фабрик орчимд дөрвөн улирлын хүлэмж байгуулна

Д.Янжиндулам, ikon.mn
49 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA)-ийн суурин төлөөлөгч Жу Хэйн Нантай уулзаж, хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурав. Ингэснээр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрик орчимд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дөрвөн улирлын хүлэмж байгуулж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлнэ.

Нарийн ногооны тариалалтын технологи, суурь баазыг бэхжүүлж, мэргэжилтэн, тариаланчдыг БНСУ-д сургах талаар санал солилцов. “Улаанбаатар хотод тогтвортой ажиллах дөрвөн улирлын хүлэмжээр дамжуулан ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлэх” төслийг 2026-2031 онд хэрэгжүүлнэ.

Улаанбаатар хот хүн амын хэрэгцээний нарийн ногооны ихэнхийг импортоор авдаг. Дөрвөн улирлын хүлэмжийг байгуулснаар дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой байна.

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA)-ийн суурин төлөөлөгч Жу Хэйн Нан Улаанбаатар хот дөрвөн улирлын хүлэмжийн төсөлд дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд KOICA-аас хэрэгжүүлж буй бусад төслийн талаар танилцуулав.

Тухайлбал Улаанбаатар хотод хүүхдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор сургуулийн бүс байгуулах төслийг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар сургуулийн орчинд замын хөдөлгөөний аюулгүй байдлын нөхцөлд нарийвчилсан судалгаа хийж, зорилтот 10 сургуулийн бүсийн зураг төслийг боловсруулж байгааг талууд хэлэлцлээ гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.