Монгол Улс БНХАУ-тай дипломат хамтын ажиллагаа үүсэж хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын Тяньжин хоттой хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий “10 бодит ажил”-ыг хамтран хэрэгжүүлэхээр 2018 онд санаачилсны нэг нь “Улаанбаатар хотод хүнсний ногоо тариалах, хүлэмж байгуулж, нийслэлийн хүн амыг ханган улмаар гадаад зах зээлд нийлүүлэх судалгаа хийж холбогдох арга хэмжээ авах” ажил байна.
НИТХ-ын Баасан гарагийн хуралдаанаар “Улаанбаатар 4 улирлын хүлэмж” төсөл хэрэгжүүлэх компанийг байгуулахаар шийдвэрлэв.
Дөрвөн улирлын хүлэмжийг ашиглалтад оруулснаар 1,300м.кв талбайд хүнсний ногооны хөрсгүй тариалалт хийж, жилд 99 мянган тонн навчит ногооны ургац авч нийслэлийн хүн амын хэрэгцээг хангаж, гадаадад экспортоор гаргахаар төлөвлөжээ. Мөн 700м.кв талбайд үйлдвэржсэн механик үрслэгээ жилд 6,048,000 ширхэг сайн чанарын үрслэгээ үйлдвэрлэх боломжтой бүрдэнэ гэж тооцоолсон байна.
Энэ тухай НИТХ-ын төлөөлөгч, “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-ийн захирал Ж.Сандагсүрэн “Гурван цогц бүтээн байгуулалт хийгдэнэ. ТЭЗҮ-д тусгасан. Төслийн I, II шатанд ус хангамж, дэд бүтцийн асуудлыг шийдэхээр тусгасан.
Дэд бүтцээс алслагдсан газарт бүтээн байгуулалт хийгдэх учир гүний усаар асуудлыг шийднэ.
Цэцэрлэгт хүрээлэн Улаанбаатар хотоос 30 км буюу Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт хийгдэнэ. Нийтдээ 90.3 сая юань буюу 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.
Улаанбаатар хотын хувьд хөрөнгө оруулалтын 49 хувийг хүлэмж байгуулах газрыг шийдэх хэлбэрээр төсөлд тусгасан. Энэ хавраас бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээс гадна Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран мэргэжилтэн бэлтгэхээр ажиллаж байна” гэв.
Төслийг сэргээж, эрчимжүүлэх хүрээнд 2023 оны хоёрдугаар сард хүлэмжийн төслийг хэрэгжүүлэхээр Хотын дарга нар харилцан тохиролцсон бөгөөд уг ажлын хэрэгжилтийг хангахыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-д даалгажээ. Энэхүү Улаанбаатар хотод хүнсний ногоо тариалах, хүлэмж байгуулах төслийн үндсэн хэрэгжүүлэгчээр “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК, төслийн судалгаа, шинжилгээ, сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Хөдөө аж ахуйн их сургууль, “Тяньжин хүнс групп” ХХК нь БНХАУ-ыг төлөөлж төслийг хэрэгжүүлэх үндсэн нэгжийн хувьд төслийг санхүүжүүлэх, хөдөө аж ахуйн шинэ технологи нэвтрүүлэх ажлыг хариуцах юм байна.
Төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын уур амьсгалын нөхцөл байдал, газар зүйн онцлог байдалд нийцүүлсэн хүнсний ногооны үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинэ технологи нэвтрүүлж, нөөцийн ашиглалт, эрүүл, аюулгүй, шим тэжээлтэй хүнсний ургац, хүртээмжийг нэмэгдүүлэх, дотоодын хэрэгцээг хангах нийлүүлэлт, орчин үеийн хөдөө аж ахуйн жишиг парк байгуулах, нарийн ногоо болон жимс жимсгэнэ гэх мэт хүнсний бүтээгдэхүүнийг стандартын дагуу тариалах боломжтой болох аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!