Европыг дагагч Пашиняны нам сонгуульд ялсны дараа Орос улс Арменийн импортын бараа бүтээгдэхүүнд хориг тавилаа
Европын талыг баримтлагч ерөнхий сайд Никол Пашиняны нам парламентын сонгуульд ялснаас хойш долоо хоног хүрэхгүй хугацааны дараа Оросын эрх баригчид Армени улсын импортын бүтээгдэхүүнүүдэд хориг тавьжээ.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарын аюулгүй байдлыг хариуцдаг Россельхознадзор агентлагаас Пүрэв гарагт гаргасан мэдэгдэлд тавдугаар сараас хойш Арменийн импортын бараа бүтээгдэхүүнүүдээс хортон шавж олноор илрэх болсон тул Баасан гарагаас эхлэн ихэнх хүнс, үр, цэцэг, мод, бордоонд хориг тавьж байгааг зарласан байна.
Зөвхөн зургаадугаар сар гарснаас хойш импортын хатаасан хүнснээс хапра цох хорхой гурван удаа илэрснийг уг мэдэгдэлд дурджээ.
Сонгуулийн өмнө Оросын эрх баригчид Арменийн зарим хүнсний ногоо, цэцэг, рашаан ус, согтууруулах ундаанд импортын хориг тавиад байсан юм.
Шинээр нэмэгдсэн бараа бүтээгдэхүүнд шинэ болон хатаасан жимс, шинэ болон хөлдөөсөн ногоо, үр тариа, кофе, какао зэрэг үр тарианаас гаралтай бүтээгдэхүүнүүд, амьд ургамал, шинэхэн тайрсан цэцэг, үр, эм, үнэртний зориулалттай ургамал зэрэг хамрагджээ.
Оросын эрх баригчид дээрх бүтээгдэхүүнүүдийг бас өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулан Евразийн Эдийн Засгийн Холбооны гишүүн Беларусь, Казахстан, Киргизстан улсуудад импортлохыг хориглохоор төлөвлөж байгаа юм байна.
Гэхдээ эдгээр арга хэмжээнүүд нь Европын Холбоонд нэгдэх хүсэл эрмэлзэлтэй Пашиняны эрх баригч Иргэний Гэрээ нам сонгуульд ялсантай холбоотой эдийн засгийн дарамт шахалт мэт харагдаж байгаа юм.
Өнгөрсөн Ням гарагт болсон сонгуулийн санал хураалтын дараа Пашиняны нам сонгогчдын 49.8 хувийн саналыг авснаа зарлаж байлаа.
Түүний нам Оросын талыг баримтлагч гурван сөрөг хүчинтэй өрсөлдсөн юм.
2023 онд Азербайжан улсад армени үндэстний салан тусгаарлагчдын хяналтад байсан Уулын Карабахын бүс нутгийг алдсаныхаа дараа Ереваны эрх баригчид уламжлалт холбоотон Оростой харилцаагаа муутгаж, Өрнөдийн орнуудтай түншлэх болжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
