Швед улс 13 настай хүнд гэмт хэрэгтнүүдэд зориулсан шорон байгуулах төлөвлөгөөгөө цуцлав
Швед улсын эрх баригчид 13 хүртэл насны хүнд гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдэд зориулсан шорон байгуулах төлөвлөгөө боловсруулсан ч парламент нь дэмжээгүй тул цуцлахад хүрсэн байна.
Тус улсад сүүлийн жилүүдэд насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн хүнд гэмт хэргийн тоо өсөж байгаа бөгөөд зөвхөн өнгөрсөн онд 15 хүртэл насны 50 гаруй хүүхэд хүн амины хэрэг, аллага үйлдэхийг завдсан хэргээр шүүгдсэн тухай хууль зүйн сайд Гуннар Строммер мэдээлжээ.
Одоо Шведийн баруун төвийн үзэл баримтлалтай засгийн газар эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны босгыг өнөөдрийн 15-аас 14 болгон бууруулах, одоо байгаа шоронгуудад хүүхдийн хэсэг байгуулахаар ажиллаж байгаа юм байна.
“Эрүүгийн хариуцлага хүлээлгэх насыг бууруулснаар илүү шударга, пропорционал шийтгэл ногдуулж, өнөөдрийнхөөс илүү сайн засан хүмүүжүүлэх нөхцөл бүрдэх болно” гэх Строммер хэлжээ.
Одоогоор тус улсад ноцтой гэмт хэрэг үйлдсэн 15 хүртэл насны хүүхдүүдийг залуучуудын асрамжийн газарт илгээдэг бөгөөд энэ нь улам илүү олон гэмт хэрэгтэн төрөх боломжийг нээж байгаа гэнэ.
Насны босгыг бууруулахаас гадна Шведэд үйл ажиллагаа явуулдаг найман шоронд хүүхдэд зориулсан тусгай хэсэг байгуулах бөгөөд тэнд хүүхдүүдийг насанд хүрэгчдээс тусдаа хорих юм байна.
Гэвч Шведийн хүүхдийн эрхийг хамгаалах Bris байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Мариа Фриск шоронг өөрчлөхийн оронд залуучуудын асрамжийн газрыг илүү сайжруулах ёстой гэж үзэж байгаа ажээ.
“Насны босгыг 14 болгосноор нөхцөл байдал өөрчлөгдөхгүй” гэж тэр хэлж байна.
Шведийн Гэмт Хэргээс Урьдчилсан Сэргийлэх Үндэсний Зөвлөлийн мэдээлснээр тус улсад 2023 онд 121 хүн амины хэрэг гарсан нь арван жилийн өмнөх 87 хэргээс огцом өссөн тоо юм байна.
Тус улсын хамгийн харгис гэмт хэргийн бүлгүүдийн нэг Foxtrot өсвөр насны хүүхдүүдийг буудах, бөмбөг дэлбэлэх зэрэг захиалгат аллагад нэлээд ашиглах болсон байна.
2023 онд тус бүлгийн толгойлогч Рава Мажид өрсөлдөгч Rumba бүлгийн толгойлогч болсон хуучин найз Исмаил Абдотой муудалцсаны улмаас аллага, хүчирхийлэл гаарч байжээ.
Абдо нь 2025 онд Турк улсаас баривчлагдсан бол Мажид одоо Ойрх Дорнодын хаа нэгтээ байгаа гэгддэг.
Энэ үеэр батлан хамгаалах салбарын Elbit Systems компанийн Готенбург хот дахь салбар, Соткхольм дахь Израилийн элчин сайдын яам зэрэг Израильтай холбоотой байгууллагуудад халдсан хэргүүдэд 13-14 насны хүүхдүүд оролцож байжээ.
Шведийн тусгай албаныхан эдгээрийн цаана тус улсын гэмт хэргийн бүлгүүдийг хөлсөлсөн Иран улс байгаа гэж сэжиглэж байна.
Ираны гадаад хэргийн яам өмнө нь уг сэжгийг эрс няцааж, үүнийг Израилийн зүгээс тараасан худал гүтгэлэг гэж мэдэгдэж байв.
2025 онд АНУ, Их Британи улсууд Foxtrot болон түүний толгойлогч Мажидыг “Ираны дэглэмийн захиалгаар Европ даяар Израильтай холбоотой байгууллагуудын эсрэг хүчирхийлэл үйлдсэн” шалтгаанаар хар жагсаалтад оруулж байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

