Ж.Питер Морроугийн нэрэмжит олимпиадын шилдгүүд ХААН Банканд ажиллах урилга хүлээн авлаа
Боломжийг мэдлэг нээдэг бол амжилтыг чадвар тодорхойлдог. Санхүүгийн салбарын ирээдүй болсон оюутнуудын онолын мэдлэг, мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн дэмжих зорилгоор ХААН Банк санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын онолын мэдлэг, мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээг сорьдог Ж.Питер Морроугийн нэрэмжит олимпиадыг 13 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Их, дээд сургуулийн 3, 4-р дамжаанд суралцаж буй оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг тус олимпиадад уламжлал ёсоор багийн болон ганцаарчилсан 2 ангилалд төрийн болон хувийн хэвшлийн 4 их дээд сургуулийн 7 багийн 35 оюутан оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм.
Энэ жилийн хувьд олимпиад банкны менежмент, банкны нягтлан бодох бүртгэлийн цогц бодлого, эрсдэлийн менежмент, өгөгдлийн шинжилгээ болон банкны тухай хуулийн сэдвийн хүрээнд явагдсанаас ганцаарчилсан төрөлд тэргүүн байрт СЭЗИС-ийн “Incentive” багийн гишүүн М.Давааням, дэд байрт СЭЗИС-ийн “Fortis” багийн гишүүн Н.Оюунтөгс, гуравдугаар байрт МУИС-ийн “Өрөг” багийн гишүүн Б.Ануужин нар шалгарлаа. Эхний 5 байрт шалгарсан оюутнуудыг ХААН Банканд ажиллахыг урьж байгаа билээ.
Мөн үүнээс гадна ганцаарчилсан төрөлд авьяас, мэдлэгээрээ тэргүүлсэн СЭЗИС-ийн оюутан Н.Оюунтөгс “Онцлох оюутан”-аар тодорч, мөнгөн шагналын эзэн болсон юм.
Харин багийн төрөлд МУИС-ийн “Өрөг” баг тэргүүн байрт шалгарч өргөмжлөл, 3 сая төгрөг, шилжин явах цомын эзэд болсон бол СЭЗИС-ийн “Fortis” баг дэд байрт шалгарч өргөмжлөл, 2 сая төгрөг болон цомын эзэд боллоо.
Олимпиадын зохион байгуулалтын комисст өмнөх жилүүдийн тэмцээнд амжилттай оролцож, өнөөдөр ХААН Банкны газар, хэлтсүүдэд үр бүтээлтэй ажиллаж буй шилдэг залуус оролцсон бөгөөд ХААН Банкны удирдлагын хорооны болон газар хэлтсийн захирлууд олимпиадыг шүүн шилдгүүдийг шалгаруулсан юм.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
