"Сургууль, цэцэрлэгийн барилга, орон сууцнуудыг эрчим хүчний хэмнэлттэй пассив болгох үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлье"

М.Батчимэг, ikon.mn
11 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Барилгачдын Нэгдсэн холбооноос санаачлан "100 мянган айлын Эрчим хүчний хэмнэлттэй, ногоон пассив орон сууц" үндэсний хөтөлбөрийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолын төслийг Ерөнхий сайд Н.Учралд хүргүүлж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Уг хөтөлбөр нь орон сууц, сургууль, цэцэрлэгийн барилгыг пассив болгож ногоон барилга руу шилжүүлэх зорилготой аж. Иймд бусад пассив барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг идэвхтэй оролцож, санал санаачилгаа уг хөтөлбөрийн төсөлд оруулахыг хүслээ.

Пассив барилга нь зөвхөн амины орон сууц гэлтгүй орон сууц, сургууль, цэцэрлэгийн барилгад ч боломжтой гэдгийг тэд онцоллоо. Иймд уламжлалт барилгыг хойш тавиад ногоон барилга баръя гэдгийг улс төрчид, ААН, барилгын компани, иргэдэд ч уриалж байна гэв. 

Пассив барилга гэж барилгын хийц болон байршил, материал зэргийн бүтцээр дамжуулж дулааныг хүлээн авах, хадгалах, агаар солилцох чадамжтай. Мөн цахилгаан, ус зэрэг ашиглалтын зардал багатай байшинг хэлдэг байна. Нар, салхиар эрчим хүчээ хангах боломжтой зэрэг маш олон технологийг нийлүүлж гаргаж ирдгээрээ онцлог аж. 

Монгол Улсад жилд 30,000 гаруй орон сууц ашиглалтад орж байгаагаас 10,000-г нь ногоон стандартаар барья гэдгийг тэд онцлов. 

Барилгын салбарт төрөөс баримтлах бодлогын бичиг баримтад зааснаар 2026 он нь ногоон шилжилт рүү орох жил аж. Иймд энэ томоохон хөтөлбөрийг төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлүүдтэйгээ нийлж батлан хамтран ажиллах зорилготой байгаа юм байна.  

Улаанбаатар хотод 265,000 орчим орон сууцны хэрэгцээ байгаа аж. Харин хөдөө орон нутагт 435,000 өрх орон сууцанд орох шаардлагатай байна гэв. Энэ хөтөлбөрийг зарласнаар Монгол Улсын хэмжээнд ирэх 10 жилд эрчим хүчний хэмнэлттэй ногоон пассив орон сууцанд төр ямар бодлого баримтлах, хувийн хэвшлийн оролцоо тэдгээрийг дэмжих татвар, хүүгийн дэмжлэг  зэргийг тодорхой болгож, нэгдсэн байдлаар Засгийн Газраас ажлын хэсэг гарч төслөө боловсруулан үндэсний хөтөлбөр батлах нь иргэдэд маш чухал зүйл болно гэв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав