Монголын жүдочид Казахстаны Их Дуулгад медалийн чансаагаар IV байр эзэллээ
Энэ сарын 8-наас 10-ныг дуустал Казахстаны Их Дуулга тэмцээн боллоо. Нийт 36 орны 295 тамирчин хүч үзсэн тус тэмцээнд Монголын баг хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн юм. Орос, Франц тус бүр гурван алт, Казахстан хоёр, Герман, Нидерланд, Узбекистан, Серби улс тус бүр нэг алтан медаль хүртсэн бол 16 орон ямар нэгэн медаль зүүлээ.
Монголын багаас
- эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат алт,
- эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Л.Энхрийлэн алт,
- эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг мөнгө,
- эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд М.Нандин-Эрдэнэ хүрэл,
- эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд А.Адьяасүрэн хүрэл,
- эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Л.Анхзаяа хүрэл медаль хүртлээ.
Өнгөрсөн жилийн Улаанбаатарын Их Дуулгаас хүрэл медаль хүртэж байсан Б.Сүхбатын хувьд анх удаа Их Дуулгад түрүүлсэн юм. Харин Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн Их Дуулга ангиллын тэмцээнээс хоёр дахь алтаа авсан нь энэ. Тэрбээр 2022 оны Улаанбаатарын Их Дуулгад түрүүлж байсан бөгөөд үүнээс гадна хоёр гурван мөнгө, таван хүрэл медаль хүртжээ.
Их Дуулга цуврал тэмцээний дараагийн зогсоол ирэх зургаадугаар сарын 19-нөөс 21-нийг дуустал Улаанбаатарт болно. Одоогоор 16 орны 104 тамирчин мэдүүлгээ өгчээ. Энэ тэмцээнээр "Лос-Анжелес 2028" зуны олимпын оноо олгох цикл эхэлж буй. Тиймээс оролцогчдын цар хүрээ эрс нэмэгдэх юм. Тухайлбал Япон Улс оролцохоо мэдэгдэж, бүрэлдэхүүнээ зарласан бол олимп, дэлхийн олон медальтнууд багтсан Францын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
