Британийн армийн эмч нар хантавирусийн халдвар авсан иргэнээ эмчлэхээр алс холын арал дээр шүхрээр буужээ
Их Британийн армийн эмч нар Бямба гарагт тус улсын далайн чанад дахь бүс нутаг болох Тристан да Кунья арал дээр шүхрээр буусан нь хантавирусийн халдварын сэжигтэй иргэнд эрүүл мэндийн тусламж үзүүлэх зорилготой байжээ.
Атлантын далайн өмнөд хэсэгт оршдог Тристан да Кунья бол манай дэлхийн хамгийн алслагдсан арлуудын нэг юм.
Тус аралд дээр оршин суудаг нэг эр хантавирусийн халдвар дэгдсэн MV Hondius аяллын хөлгөөс дөрөвдүгээр сарын дундуур газардаж байжээ.
Хөлөг түүнийг орхин явснаас хойш хоёр долоо хоногийн дараа халдварын шинж тэмдэг илэрсэн бөгөөд тусгаарлагдсаны дараа биеийн байдал нь тогтворжсон юм байна.
Одоогоор MV Hondius хөлгийн зургаан зорчигч халдвар авсан нь шинжилгээгээр батлагдаад байгаа. Тэдний дунд нас барсан гурван зорчигчийн хоёр нь байгаа юм.
Бямба гарагт Их Британийн армийн RAF A400M ачааны онгоцноос зургаан алба хаагч, хоёр эмч шүхрээр бууснаас гадна Тристан да Кунья арлын эмнэлэгт шаардлагатай хүчилтөрөгчийн хангамжийг бас буулгажээ.
Тэд арлын эрүүл мэндийг хариуцсан хоёр ажилтанд хүч нэмэхээр очиж байгаа юм байна.
RAF A400M онгоц Британи арлын Оксфорд гүнлэгийн нутаг дахь агаарын баазаас хөөрч, Атлантын далайн өмнөд хэсгийн Ассеншн аралд хүрсний дараа Тристан да Кунья руу нисжээ.
221 оршин суугчтай тус арал онгоц буух талбайгүй тул шүхрээр буухаас өөр аргагүй юм байна.
Тристан да Кунья аралд хүрэх цорын ганц зам далай боловч эмчлүүлж байгаа өвчтөний хүчилтөрөгчийн хангамж дуусахаас өмнө очихын тулд шүхрээр буух замыг сонгожээ.
Жижиг хэмжээтэй арал дээр салхитай үед буух нь нэлээд хэцүү даалгавар байсныг ажиллагааг удирдсан 16 дугаар Агаарын Довтолгооны Бригадын командлагч Эд Картрайт мэдээлсэн байна.
Тристан да Кунья арлын дээрх салхины урсгалын хурд ихэнхдээ 40 км/цаг байдаг гэнэ.
Энэ нь Их Британийн арми анх удаагаа хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор эмч мэргэжилтнээ шүхрээр буулгасан тохиолдол болохыг тус улсын батлан хамгаалах яам мэдээлжээ.
Ажиллагааны үеэр арлын эмнэлэгт нийтдээ 3.3 тонн хангамжийн материал шүхрээр буулгасан байна.
MV Hondius хөлгөөс Гэгээн Еленийн аралд бууж үлдсэн Британийн хоёр иргэн одоо сайн дурын үндсэн дээр өөрсдийгөө гэртээ тусгаарлаад байгаа юм.
Үлдсэн 22 иргэн нь өчигдөр Испанийн Тенериф арлаас тусгай үүргийн онгоцоор эх орондоо буцжээ. Тэднийг газардмагц 72 цаг эмнэлэгт тусгаарласны дараа гэрт нь үргэлжлүүлэн 42 тусгаарлах юм байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
