З.Батырбек: 5-6 хүний багтаамжтай бага оврын онгоцоор тээвэрлэлт хийх боломжтой гэж хувийн хэвшлээс санаачилга гаргасан
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын ээлжит бус хуралдаанаар Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх хоёр төслийн талаар хэлэлцэж байна.
Үүний нэг нь "Хотын тээврийн системийг дэмжих шинэ чиглэл: УБ хотын агаарын хөдөлгөөн” төсөл юм. Тодруулбал Нийслэлийн нутаг дэвсгэрт ирээдүйн агаарын зорчих хөдөлгөөнд оролцох хөнгөн агаарын хөлгүүд (онгоц, нисдэг тэрэг, жирокоптер, еѴTOL)-ийн буулт, хөөрөлтийн зурвас, талбай бүхий дэд бүтцийг барихаар хэлэлцэж байгаа юм.
Мөн КОП-17 арга хэмжээг зохион байгуулах хүрээнд НҮБ-ын шаардлагад туссаны дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага үүссэн хэмээн НЗДТГ-ын удирдлагууд онцоллоо.
Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан "Хотын тээврийн системийг дэмжих шинэ чиглэл гээд нэг компани helidrome барих юм байна. Манай тойрогт Гэмтлийн эмнэлэг, Гуравдугаар эмнэлэг байдаг. Бөөн автомашин зогсчихсон юман дотор өвчтөнүүдээ буулгадаг.
Хэрэв бид хотод шинэ агаарын тээвэр барих гэж байгаа бол нэг бүрчлэн барилга байшин, орчинтой нь бүрдүүлсэн төсөл зарлах ёстой. Улаанбаатар хотын бүхэл бүтэн нутаг дэвсгэрийн зөвшөөрлийг гурван нисдэг тэрэгтэй нөхөрт олгох юм байна. Нисдэг тэрэгний зурвасуудыг байгуулах юм байна.
Яагаад үүнийг хийх гэж байгаа юм гэхээр Иргэний нисэхийн ерөнхий газраас газар олгодоггүй учраас энэ төслийг оруулж ирж байна гэж танилцуулсан. Сүүлийн үеийн барилгууд дээрээ нисдэг тэрэг буух талбайтай. Бид баахан газар чөлөөлөөд шинэ аэродромуудыг нэг компанид өгч бариулах юм байна.
Улаанбаатар хотод хаана, хэдэн ширхэг нисдэг тэрэгний зурвас байгуулах тоо танилцуулга дээр байхгүй" гэв.
Түүний асуултад “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Батырбек "Энэ төслийг ганцхан компани санал ирүүлээд шалгаруулаад явна гэсэн үг биш. Олон улсад болон дотоодод нээлттэй сонгон шалгаруулалтын хэлбэрээр явагдана.
Улаанбаатар хотод түгжрэлийн асуудал маш их байгаа. Энэ хүрээнд онцгой байдал, эрүүл мэндийн асуудлыг шийдэхийн тулд 5-6 хүний багтаамжтай бага оврын онгоцоор тээвэрлэлт хийх боломжтой гэж хувийн хэвшлээс санаачилга гаргасан. Энэ дагуу урьдчилсан судалгааг хийгээд та бүхэнд танилцуулж байна" гэв.
видео:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

