"Милан-Кортина 2026" паралимпын наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Италийн Милан, Кортина хотод өвлийн паралимпын наадам энэ сарын 6-наас 15-ныг дуустал болно. Паралимпын өвлийн наадамд оролцох баг, тамирчдыг үдэн гаргах ёслол өнөөдөр Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яаманд болсон юм.

Энэ удаагийн наадамд 50 орны 665 тамирчин оролцохоор бэлтгэлээ базааж буй. Зургаан спортын 79 багц медалийн төлөө өрсөлдөх энэ паралимпт манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондог, Д.Очирсүхийн удирдлага дор гурван тамирчин оролцох юм.

Тодруулбал

  • Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10, 20 км-ийн зайд Б.Ганболд, Ц.Дашдорж,
  • уулын цанын төрөлд Б.Цэрэнпунцаг нар өрсөлдөнө.
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Б.Ганболдын хувьд гурав дахь удаагаа өвлийн паралимпын наадамд оролцох болсноор хамгийн олон удаа тус наадамд орж буй Монгол цаначин болж байна.

Харин Ц.Дашдорж, Б.Цэрэнпунцаг нар паралимпын наадамд хоёр дахь удаагаа оролцоно.

Өвлийн паралимпын наадамд манай улсаас анхлан оролцсон тамирчин нь Н.Сүхбаатар бөгөөд тэрбээр 20 жилийн өмнөх “Турин-2006” өвлийн паралимпын наадамд гүйлтийн цанын төрөлд өрсөлдөж байв.