Эх хүүхэд, нярайн эрүүл мэндийг дэмжих “Энх-Мэнд” хөтөлбөр үндэсний хэмжээнд хэрэгжинэ
Монголын Алт (МАК) ХХК нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд эх, хүүхэд, нярайн мэс заслын тусламж, үйлчилгээг сайжруулах урт хугацааны, тогтвортой санаачилгыг эхлүүлж, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-тэй хамтран “Энх-Мэнд” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
“Энх Мэнд” хөтөлбөр нь эх, хүүхэд, нярайн эрүүл мэндийг дэмжих чиглэлд Монгол Улсын 21 аймаг, 330 сумыг хамарсан, үндэсний хэмжээний анхдагч санаачилга болж байна.
Хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэг, нарийвчилсан оношилгоо, шаардлагатай мэс заслын тусламжийг газар дээр нь үзүүлэхийн зэрэгцээ орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн бэлтгэл, мэргэжлийн чадавх, яаралтай тусламжийн бэлэн байдал, тусламж үйлчилгээний чанарыг цогцоор нь сайжруулах чиглэлээр хамтран ажиллана.
Ингэснээр эх, хүүхэд, нярайн эндэгдлийг бууруулах, орон нутагт чанартай, тэгш хүртээмжтэй тусламж үйлчилгээний тогтолцоог бий болгох бодит үр дүнд хүрэхийг зорьж байна.
Учир нь Монгол Улсын нийт хүн амын 40 орчим хувийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлж, жил бүр дунджаар 40–50 мянган эх амаржиж байна. Гэвч 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн талаас илүү хувийг нярайн эндэгдэл эзэлж байгаа нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт болж байна. Мөн өнгөрсөн онд 17 эх эндсэн нь эх, хүүхэд, нярайн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, эрт илрүүлэг болон шатлал хоорондын уялдаа холбоог системтэйгээр сайжруулах шаардлага байгааг харуулж байна.
Хүн амын тархалт сийрэг, алслагдсан бүс нутагтай Монгол Улсын нөхцөлд яаралтай тусламжийн бэлэн байдал, оношилгоо эмчилгээний стандартын жигд хэрэгжилт, мэргэжлийн дэмжлэгийг бүс нутагт шууд хүргэх нь эндэгдлийг бууруулах гол шийдэл юм.
“Энх-Мэнд” хөтөлбөр нь зөвхөн нэг удаагийн тусламжийн арга хэмжээ бус, харин эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бүс нутгийн хэмжээнд бэхжүүлэн эх, хүүхэд, нярайн эндэгдлийг бодитоор бууруулахад чиглэсэн үндэсний хэмжээний санаачилга юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
