Индэр    
25 минутын өмнө
Зураг
iKon.mn Сэтгүүлч

МӨРДӨГЧИД: Сугалаанд оролцож хохирсон иргэд түргэн шуурхай гомдол гаргадаг бол онлайн бараа захиалж залилуулсан иргэд хугацаа алддаг

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт өнгөрсөн онд ₮26.5 тэрбумын хохиролтой 12,233 иргэн цахимаар залилуулсан талаараа гомдол мэдээлэл бүртгүүлжээ. 

Бараа захиалга, лайв сугалаа, үнэт чулуун зар, фэйсбүүк хакер, телеграммд даалгавар биелүүлэх санал гэх мэтчилэн залилах гэмт хэргийн үйлдлийн арга харилцан адилгүй бөгөөд өнгөрөгч онд 12,233 иргэн цахим залиланд өртөж, хохирсон байна. 

Тэгвэл энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажилладаг ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгчдөөс дараах мэдээллийг тодрууллаа. 

Цахим залилангийн талаар тус газрын Цахим халдлага, залилантай тэмцэх хариу арга хэмжээний хэлтсийн Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Бат-Оргилтой ярилцсанаа хүргэж байна. 



-Сүүлийн жилүүдэд цахимаар бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг өсөх хандлагатай болж байна. Хохирлын мөнгөн дүн 26.5 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх чиглэлд хэрхэн ажиллаж байна вэ? 

-Цагдаагийн байгууллагаас иргэдийг цахим залиланд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлд шат дараатай арга хэмжээ авч, сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг түгээж ажиллаж байна. 

Иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4.1, 22.13 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүйгээр явуулдаг. Тодруулбал арилжааны банктай хамтран ажиллаж, дансны хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож байгаа. 

-Иргэд залиланд өртсөн талаараа түргэн шуурхай мэдээлж, гомдол мэдээллээ бүртгүүлж чаддаг уу? 

-Өнгөрсөн онд зөвхөн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт 3,063 гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Үүний 2,524 гомдол, мэдээлэлд 11.5 тэрбум төгрөгт хязгаарлалт тогтоож ажилласан.

 График: Цахим залилангийн хохирол ба нөхөн төлүүлэлт /2025 онд/ 

-Цахим залилангаас урьдчилан сэргийлэх чиглэлд арилжааны банкуудтай хамтарч ажиллаж байгааг дээр дурдсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү? 

-Тийм ээ, арилжааны банкуудтай хамтарч ажиллаж байгаа. Хойшлуулшгүй журмаар хуулийн хүрээнд мөрдөгчийн тогтоол үйлдэж, мөрдөгчийн тогтоолоо банканд хүргүүлснээр дансанд хуулийн хугацаагаар түр хязгаарлалт тогтоодог. 

-Дансанд хязгаарлалт тогтоох хугацаа хэр удаан үргэлжлэх вэ?

-Хуулийн хугацаа нь 24 цаг.

Дансанд нь хязгаарлалт тогтоож мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааг явуулснаар иргэний хохирлыг буцаан нөхөн төлүүлэх боломжтой. Хохирол нөхөн төлүүлэлт болон мөрдөн шалгах ажиллагаанд тодорхой хуулийн хугацаа шаардагдана.

Зарим тохиолдолд хугацаа алдах эрсдэлтэй учраас манай хэлтэс энэ асуудлыг багасгах зорилгоор арилжааны банкуудтай шууд харилцдаг.

Энгийнээр тайлбарлавал "Хохирсон иргэний мөнгөн хөрөнгө энэ дансанд байгаа тул хязгаарлаж өгнө үү" гэх мөрдөгчийн тогтоол үйлдээд банк руу явуулдаг гэсэн үг. 

-Нөгөө талаар залиланд өртсөн иргэд түргэн шуурхай дуудлага өгөөгүйгээс үүдэн цаг алдаж, дансанд хязгаарлалт тогтоосон ч нэмэргүй байдалд хүрэх эрсдэлтэй байх. Залиланг түргэн шуурхай мэдээлэхийн ач холбогдлыг уншигчдад тайлбарлана уу?

-Цахим залилангийн төрөл нь дотроо харилцан адилгүй, үйлдлийн аргууд өөр хоорондоо ялгаатай. 

Тухайлбал сугалаанд оролцож хохирсон иргэд цагдаагийн байгууллагад түргэн хугацаанд гомдол гаргадаг. Харин фэйсбүүкээр бараа захиалсан иргэд захиалсан бараагаа хүлээх хооронд хугацаа алдаж байна. 

Цахим залиланг хэдий чинээ хурдан мэдээлнэ, төдий чинээгээр хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж чадна.

-"Гадаадын уурхайгаас авчирсан чулууг угааж, дотроос нь үнэт чулуу гаргана", "Хусдаг сугалаа явуулж байна" гэх мэтчилэн зар цахим орчинд их харагдах боллоо. Залилагч этгээдүүд гадаадаас манай улс руу халдаад байна уу, эсвэл дотоодод үйлдэж байна уу? 

-Лайв сугалаа болон гүний уурхайгаас чулуу гаргаж ирлээ гэх мэтчилэн залилан мэхлэх гэмт хэрэг нь гадаадаас манай улс руу чиглэж байна. 

-Гол төлөв аль улсаас халдаж байна вэ? 

-Алтан гурвалжин гэж нэрлэгддэг Тайланд, Мьянмар, Лаос гэх хил залгаа гурван улсаас манай улсын иргэд рүү чиглэсэн гаднын халдлага байгаа. 

-Сугалааны шууд дамжуулалтыг монгол хүн хөтөлдөг шүү дээ. Энэ нь ямар учиртай юм бол. Гадаадад суугаа монгол хүн монголчуудыгаа залилж байна гэж ойлгох уу? 

-Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоно. Гэхдээ Монгол Улсын иргэд гадаадад залилан мэхлэх гэмт хэргийн холбогдогч болж байгаа тохиолдлууд бий. 

"Энэ он гарсаар нэгдүгээр сард 2,070 залилах гэмт хэрэг бүртгэгджээ"

@mpa
@mpa

Цахим орчин дахь сайхан санал, таатай өгөөшинд хууртахгүй байх нь өөрийгөө болон өрөөлийг хохирогч болохоос хамгаалах гол арга юм. 

Энэ төрлийн гэмт хэргийн үйлдлийн арга харилцан адилгүй. Онлайн бараа захиалга, их мөнгө амласан ажлын зар, итгэл үнэмшил төрүүлсэн сурталчилгаанаас эхлээд "мөнгө зээлээч" гэж гуйсан ойр дотны хүмүүсийн чатны ард хүртэл залилагч этгээд байх эрсдэлтэйг сэрэмжлүүлж байна. 

Залилан мэхлэх гэмт хэрэг, тэр дундаа цахим залилангийн үйлдлийн аргыг анхааруулж ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Ариунгуа дараах ярилцлагыг өгсөн юм. 



-Залилан мэхлэх гэмт хэргийн гаралт, нөхцөл байдлын мэдээллийг танилцуулна уу?  

-Цагдаагийн байгууллагад 2026 оны нэгдүгээр сард нийт 2,070 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 34%-ийг эзэлж байна.

Тус сард бүртгэгдсэн залилах гэмт хэргийн 1,633 буюу 78.8% хувийг цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн залилах төрлийн гэмт хэрэг байна.

Дээрх тоог өмнө оны мөн үетэй харьцуулахад залилах гэмт хэргийн тоон үзүүлэлт 6.4% нэмэгдсэн тоон мэдээ гарсан.

Дээр дурдсан залилах гэмт хэргийн 72.3 хувийг /12,233/ цахим орчин ашиглан үйлдсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад залилан 27.6 хувиар нэмэгдсэн. 

-Сүүлийн үед ямар төрлийн залилан нэмэгдэх хандлагатай болсон бэ. Энэ төрлийн гэмт хэргээс сэрэмжлэхийн тулд иргэд юунд анхаарах нь зүйтэй вэ?

-Цахим орчинд үйлдэгдэж буй залилах төрлийн гэмт хэргийн үйлдлийн аргаар авч үзвэл

  • Бараа үйлчилгээний захиалга авах нэрийдлээр залилах гэмт хэрэг,
  • Телеграмм даалгавар биелүүлэх гэмт хэрэг,
  • Бусдын цахим хаягийг ашиглан нэр барьж мөнгө гуйж зээлэх нэрийдлээр залилах гэмт хэрэг,
  • Мөнгө өсгөхөөр залилах гэмт хэрэг,
  • Түрээсийн үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр залилах.
  • Хандив, сугалаа хийх нэрийдлээр 
  • Иргэд утсаа хулгайд алдсанаас үүдэн хувийн мэдээллээ алдах,
  • Хуурамч линк хаяг руу нэвтрэх буюу фишинг залилах гэмт хэргүүд эзэлж байна.

Цахим залилангийн дийлэнх хувь нь нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код зэрэг хувийн мэдээллээ бусдад дамжуулснаас үүддэг.

Иймд иргэд та бүхэн өөрийн банкны картын мэдээлэл, нууц үг, баталгаажуулах код зэрэг хувийн мэдээллийг цахимаар дамжуулан өгөхгүй байхыг анхааруулж байна.

-Гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийн тулд аливаа мэдээ мэдээллийг сайтар нягтлах хэрэгтэй байх, тийм үү?

-Тийм ээ. Жишээлбэл "Та 70 сая төгрөг хожлоо. Мөнгөө авахын тулд бүртгэлийн хураамжаа төлнө үү, эсвэл банкныхаа аппликэйшн рүү нэвтэрнэ үү" гэх мэтчилэн мэдэгдлийг иргэдийн сошиал хаяг руу илгээх тохиолдол байдаг. 

Энэ төрлийн мэдэгдлийн дагуу нэвтэрч орсноор өөрийн нууцлалыг алдаж, гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдэд хувийн мэдээллээ өгч, цаашлаад дансан дахь мөнгөө алдсан тохиолдлууд бүртгэгдэж байгаа. Тиймээс цахим орчинд өөрийн хувийн мэдээллийг үл мэдэх линк хаяг, аливаа холбоос, танихгүй хүнд явуулахгүй байж хянамгай хандах нь зүйтэй.

-Гэмт хэргийг цаг алдалгүй, түргэн шуурхай мэдээлэх нь хамгийн чухал алхам байх. 

-Та цагдаагийн байгууллагын 102 утасны дугаарт залгаж, хурдан шуурхай мэдэгдэхийг зөвлөе.

Мөн цахим орчинд залилуулсан, цахим орчинд хууль бусаар халдах гэмт хэрэгт өртсөн бол 51265666 гэх Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын утсанд яаралтай холбогдсоноор таны мөнгө шилжүүлсэн дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл тухайн банкнаас мөнгөн дүнгийн орлого, зарлагыг хязгаарлаж, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг барих боломжтой байдаг. 

 

-Ярилцлага өгсөнд баярлалаа.