"Улаанбаатар Трам төслийн 2 дугаар шугамын санхүүжих дүнг ₮25 тэрбумаар бууруулах саналыг НИТХ дэмжлээ"

М.Батчимэг, ikon.mn
56 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болж "Улаанбаатар Трам” төслийн 2 дугаар шугам буюу Сүхбаатарын талбайгаас Буянт-Ухаа цогцолбор чиглэл төсөл, арга хэмжээний санхүүжих дүнг 25 тэрбум төгрөгөөр бууруулахыг дэмжлээ. 

Тус арга хэмжээний төсөвт өртөг 1,207.1 тэрбум төгрөг, 2026 онд санхүүжих дүн 350 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэх шийдэлд хүрснийг НИТХ-ын зарим төлөөлөгч шүүмжилж байв.  

“Улаанбаатар трамвай” төсөл нь хотын босоо тэнхлэгийн дагуу хоёр шугам, хос замтай хэрэгжих бөгөөд нэгдүгээр шугам нь Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 11 км урт, 16 зогсоолтой, хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15 км урт, 23 зогсоолтой байх аж. 

Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр автобус богино эргэлтэд орж иргэдэд түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэнэ. Мөн автомашины дундаж хурд нэмэгдэнэ. Трамвай таван минут тутамд эргэх бөгөөд Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл нийт 37 минут явахаар төлөвлөгдсөн. Харин Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут явна гэдгийг Нийслэлийн засаг даргын тамгын газраас мэдээлээд буй.