"Зорчигчид хэрэглээнээс илүү хэмжээтэй эм, тариа, тамхи оруулбал Зөрчлийн хуулиар арга хэмжээ авч, барааг хураана"

Г.Мөрөн, iKon.mn
1 цаг 19 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Чингис хаан" олон улсын нисэх буудал дахь Гаалийн газар он гарснаас хойш 40 орчим зөрчлийг илрүүлэн шалгажээ. 

Үүний 40 орчим хувь нь эм болон тариа, био бэлдмэл, мөн 30 гаруй хувь нь электрон тамхи, утаат тамхи зэрэгтэй холбоотой байна. Түүнчлэн сум нэвтрүүлэхтэй холбоотой зөрчил 20 орчим хувийг эзэлж байна.

Гаалийн улсын байцаагч Б.Мөнхбаяр "Сум нь гарах чиглэлд бүртгэгддэг. Зарим зорчигч гадаад улс руу явахдаа сумыг түрүүвч, цүнхэндээ авч гарах зөрчил бүртгэгдэж байгаа. Тамхи, эмнүүд нь ирэх чиглэлд бүртгэгддэг. 

Тамхи нь тарифын болон тарифын бус зохицуулалттай, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн оруулж ирэх бараа юм. 100 хувь онцгой албан татвартай. 

Эм нь тарифын бус зохицуулалттай, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж оруулж ирэх ёстой. Эмийн тухай шинэчилсэн хуулийн дагуу долоо хоног, гурван сарын хэрэглээг холбогдох бичиг баримтыг үндэслэн оруулна. 

Гэтэл ирэх чиглэлийн зорчигчид эм, тариа, тамхийг зорчигчийн хувийн хэрэглээнээс илүү хэмжээгээр оруулж ирдэг. Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч, зөрчилд холбогдсон барааг хураадаг тул иргэд зорчигчид маань анхаарч, зөрчил гаргахгүй байх хэрэгтэй" гэлээ.

"Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-д,

  • Янжуур 200 ширхэг,
  • Сигар, навчин тамхи 50 ширхэг,
  • Задгай тамхи 250 граммаас илүүгүй

Харин зорчигчийн хувийн хэрэглээний эмийг улсын хилээр нэвтрүүлэхэд "Гаалийн тухай хууль"-ийн 227 дугаар зүйлийг мөрдөхөөс гадна аяллын хугацаанд эмчилгээнд хэрэглэх эмийн тоо хэмжээг эмнэлгийн байгууллагын магадалгааг үндэслэн хилээр нэвтрүүлнэ” гэж заасан.