Оросын “сүүдрийн флот”-ын газрын тос тээвэрлэгч хөлгийг Бельгийн тусгай хүчнийхэн олзолжээ
Украины дайнтай холбоотой Өрнөдийн хориг арга хэмжээнээс зайлсхийхийн тулд Оросын эрх баригчдын ашигладаг “сүүдрийн флот” гэгчийн нэг хэсэг байж болзошгүй газрын тос тээвэрлэгч хөлгийг олзлон авснаа Бельгийн эрх баригчид Ням гарагт мэдээлжээ.
Тусгай хүчнийхэн Бямба гарагийн орой Умард тэнгисийн усанд Францын нисдэг тэрэгний тусламжтайгаар уг ажиллагааг явуулсныг Бельгийн батлан хамгаалахын сайд Тео Франкен хэлсэн байна.
Гвиней улсын хуурамч далбаан дор ажилладаг “Ethera” нэртэй уг хөлөг Оросын боомт руу буцах замдаа Бельгийн хяналтад байдаг тэнгисийн усанд саатуулагджээ.
Бельгийн прокурорын газар хөлгийн ахмад болох ОХУ-ын иргэнээс байцаалт авч, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээ мэдээлсэн байна.
Хөлөг онгоцыг тус улсын Зеебрюгге боомтод хүргэсний дараа албан ёсоор хураах гэнэ.
Энэ оны эхнээс Европын орнууд Балтийн тэнгис болон Умард тэнгист сүүдрийн флотын хөлгүүдийг мөрдөх үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн юм.
Даатгалгүй, эсвэл маш бага дүнгээр даатгуулсан, ихэвчлэн эвдрэл гэмтэлтэй хуучин хөлгүүд Панам, Гамби, Барбадос, Коморын арлууд зэрэг улсуудын далбаан дор Оросын түүхий газрын тосыг Хятад, Энэтхэг зэрэг орнуудад тээвэрлэн хүргэх ажлыг гүйцэтгэдэг.
Хүлээн авсан орнууд нь уг газрын тосыг боловсруулж, дараа нь өөрийн болон олон улсын зах зээлд гаргадаг юм.
Оросын эрх баригчид Өрнөдийн орнуудын энэ үйлдлийг “далайн дээрэм” хэмээн буруутгадаг.
Өчигдөр Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “Москвагийн хөвөгч хэтэвчний эсрэг хүчтэй арга хэмжээ авсан” Бельгийн эрх баригчдыг магтаж, дэмжиж оролцсон Франц улсад талархал илэрхийлжээ.
Бельгийн ерөнхий сайд Барт де Вевер “өнгөрсөн шөнийн ажиллагаа”-г амжилттай явуулсан тусгай хүчнийхэндээ баяр хүргэсэн байна.
Францын эрх баригчдын тооцоолсноор Оросын сүүдрийн флот 1,000-1,200 орчим хөлгөөс бүрддэг гэнэ. Эдгээрийн талаас илүү нь одоо Өрнөдийн хориг арга хэмжээгээр шийтгүүлээд байгаа ба
үлдсэн нь жинхэнэ гарал үүслээ нууцалж, халхавч компаниудын нэр дээр үйл ажиллагаа явуулдаг байна.
“Ethera” хөлгийг олзлон авсан нь Оросын сүүдрийн флотын хувьд ноцтой хохирол болсныг Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон мэдэгджээ.
“Өнгөрсөн шөнө Умард тэнгист манай тэнгисийн цэргийн нисдэг тэрэгнүүд Бельгийн тусгай хүчний явуулсан хориотой газрын тос тээвэрлэгч хөлгийг саатуулах ажиллагаанд хувь нэмрээ орууллаа” гэж тэр сошиал хуудсандаа бичээд хөлгийн тавцан дээр цэргүүд бууж байгааг харуулсан дүрс бичлэгийг нийтэлсэн байна.
Сүүдрийн флотын хөлгүүд Оросын газрын тосыг тээвэрлэхээс гадна тэнгисийн ёроолоор дамждаг харилцаа холбоо, эрчим хүчний кабел шугамуудыг таслах, хий дамжуулах хоолойнуудыг эвдэх зэрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг гэдэг.
Күүкийн арлуудын далбаан дор хөвдөг Eagle S тээвэрлэгч хөлөг 2024 оны арванхоёрдугаар сард Финландыг Эстони, Герман улсуудтай холбодог хэд хэдэн кабелыг зангуугаараа санаатай тасалсан хэрэгт буруутгагдаж байв.
Сүүлийн үед бас ийм хөлгүүд нисгэгчгүй онгоц хөөргөх, радарын системийг гацаах, тагнуулын бусад үйл ажиллагаанд ашиглагддаг болсон байж болзошгүй талаар Өрнөдийн албаныхан анхааруулж байгаа.
Мөн хориг арга хэмжээний улмаас засварт орох боломжгүй болсон ийм хөлгүүд живэх, гэмтэх тохиолдолд байгаль орчныг газрын тосоор бохирдуулах аюултай байдаг гэнэ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
