Индэр    
40 минутын өмнө
Зураг
iKon.mn сэтгүүлч

₮1 их наядыг шатахуун импортлогч дотоодын ААН-үүдэд зээлдүүлэх хууль баталсан ч ОХУ-ын нутагт бензиний нөөцийн сав түрээслэхээр тохиролцжээ

Зураг
УИХ-ын даргын ОХУ-д хийсэн албан айлчлалын тухай parliament.mn сайт дахь видеоноос авав

Сүүлийн жилүүдэд ёс мэт болсон шатахууны хомсдол өнгөрсөн өвөл биднийг тойрсонгүй. Хамгийн олон хоног үргэлжилсэн гэж хэлж болох хомсдолын улмаас иргэд бухимдаж, шүүмжлэл өрнүүлж байсан ч энэ нь сошиал орчноос хэтрээгүй гэхэд хилсдэхгүй.

Энэхүү хүндрэлийн ид үеэр /2025.11.25/ Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан юм.

Тухайн үед хуулийн хэрэгцээ шаардлагын талаар "Энэхүү хуулийн төсөл нь олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлээс сэргийлэх, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжиж, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.  

Улсын хэмжээнд шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах үүднээс тогтмол нөөцтэй байлгах зорилтын хүрээнд импортлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, нөөцийг бүрдүүлэх, хадгалах савны хүчин чадал, багтаамжийг нэмэгдүүлэх, бодит шаардлага зүй ёсоор тулгарсан тул уг хуулийн төслийг боловсруулсан. Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл батлагдсанаар газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамж тогтворжиж, бүтээгдэхүүний хомсдолоос урьдчилан сэргийлэх, агуулахын хүчин чадал нэмэгдэх, агаарын бохирдол бууруулах, нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих ач холбогдолтой" хэмээн Г.Дамдинням сайд танилцуулж байв.

Ийнхүү УИХ Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг 2025 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр баталснаар 2030 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал буюу таван жил уг хууль үйлчлэх болсон юм. 

Гэвч цаг үеийн эрэлт сүржин нэртэй нь хавсарсан болохоос биш салбарын сайдын өргөн мэдүүлсэн хууль шатахууны хомсдолоос гаргах арга зам гэхээс илүү газрын тосны бүтээгдэхүүн импортлогч монопол компаниудыг дэмжсэн агуулгатай байв. Энэ нь хуулийн дараах заалтуудаас тод харагдана. 

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүнд керосин, дайвар бүтээгдэхүүнээс бусад газрын тосны бүтээгдэхүүнийг ойлгоно.

7 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

7.1.Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний гадаад захиалга, нийлүүлэлтийн хэмжээг нийлүүлэгч тал 50, түүнээс дээш хувиар бууруулсан тохиолдолд энэ хуулийн 5.1-д заасан бүтээгдэхүүний хомсдол, тасалдал дотоодод үүсэх нөхцөл бүрдсэн гэж үзэж дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  • 7.1.1.газрын тосны бүтээгдэхүүний гадаад эх үүсвэр, захиалга, нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэх;
  • 7.1.2.гадаад эх үүсвэр, захиалга, нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх талаар хөрш орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан шуурхай арга хэмжээг авах;
  • 7.1.3.газрын тосны бүтээгдэхүүнийг импортлогч аж ахуйн нэгжүүдийн бөөний агуулахад хяналт тавих, түгээх ажлыг шуурхай зохион байгуулах;
  • 7.1.4.энэ хуулийн 7.1.3-т заасны дагуу импортын бүтээгдэхүүнийг хуваарилах, жижиглэнгээр түгээх, борлуулах хэмжээг тогтоох;
  • 7.1.5.шаардлагатай тохиолдолд Улсын нөөцийн тухай хуулийн 13.1.4-т заасан арга хэмжээг яаралтай горимоор хэлэлцэж, шийдвэрлэх;
  • 7.1.6.батлан хамгаалах салбарт хадгалагдаж байгаа нөөцийг зарцуулах асуудлыг яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэх;
  • 7.1.7.энэ хуулийн 7.1.5, 7.1.6-д заасны дагуу нөөцөөс зарцуулсан газрын тосны бүтээгдэхүүнийг нөхөн бүрдүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;
  • 7.1.8.энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаар, Өрийн удирдлагын тухай хуулийн шаардлагын хүрээнд Засгийн газрын өрийн баталгааг гаргах.

8 дугаар зүйл.Монголбанкны бүрэн эрх 

8.1.Монголбанк энэ хуулийн 5.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  • 8.1.1.газрын тосны бүтээгдэхүүний импортын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр банканд олгох;
  • 8.1.2.газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хадгалах агуулах, шилжүүлэн ачих байгууламж, дэд бүтцийг шинээр барих, өргөтгөхөд шаардагдах санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр олгох, эсхүл гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэх арга хэмжээг авах.
  • 8.2.Энэ хуулийн 8.1-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор шаардлагатай тохиолдолд банкнаас зээл олгоход тавих зохистой харьцааны болон бусад шалгуур үзүүлэлт, зээлийн шаардлага, нөхцөлийг тусгайлан тогтооно.
  • 8.3.Энэ хуулийн 8.1, 8.2-т заасан арга хэмжээг авахад Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 5, 7 дахь заалт хамаарахгүй.

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр "Манай гол нийлүүлэгч ОХУ-ын дотоод нөхцөл байдал тогтворжтол буюу таван жилийн хугацаанд хуулийг мөрдөж, энэ хооронд савныхаа нөөцийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа. Хуулийн төслийн 8.1.1-д эргэлтийн хөрөнгө гэсэн байгаа нь зарим үед савныхаа хэмжээгээр буюу 2-3 сарын нөөцийг захиалах боломжийг аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа юм. Энэ дээр зүгээр мөнгө өгч байгаа юм биш. Зээл өгнө. 

Стратегийн бүтээгдэхүүний нэг сарын нөөц бүрдүүлэхэд 1 их наяд 60 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдана. Энэ санхүүжилтээр нэгдүгээрт нөөц бүрдүүлэх буюу эргэлтийн захиалга хийхэд, хоёрдугаарт сав барихад нь, гуравдугаарт төмөр замын орц гарц, галын байгууламж зэрэг дэд бүтцийн зардалд шаардлагатай санхүүжилтийн зээлийг олгож байгаа юм. Шатахууны нөөцийн савнуудыг гол гол бүсүүдэд байршуулна" гэдэг тайлбар хэлж, хуулийг батлуулж байсан билээ. 

Гэтэл дээрх хуулийг баталснаас хоёрхон сарын дараа буюу энэ оны нэгдүгээр сард УИХ-ын дарга Н.Учралын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Манай хилд ойр ОХУ-ын нутаг дэвсгэрт Монгол Улсын хамгийн багадаа нэг сарын хэрэглээг хангах шатахууныг хадгалах нөөцийн савыг түрээслэх асуудлыг ярилаа. ОХУ-ын зүгээс бүрэн дэмжсэн" хэмээн бахархалтайгаар ярьсан юм. 

Тэгэхээр Засгийн газар нь төв банкныхаа үйл ажиллагаанд хориглосон баталгаа гаргах санхүүжилтийн арга хэмжээг хуулийн ёсны болгохын тулд тусгайлсан хууль боловсруулж УИХ-аар батлуулчхаад дотоодын аж ахуйн нэгжүүдээ зээл авахаас урьтаж ОХУ-ын нутагт дэвсгэрт шатахууны нөөцийн сав түрээслэхээр болжээ.