Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган есдүгээр сарын 15-нд нээлтээ хийж, арванхоёрдугаар сарын 31-нд өндөрлөсөн. Энэ хугацаанд 75 удаа нэгдсэн хуралдаан болж, 14 хууль, 37 тогтоол хэлэлцэн баталсан хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраа мэдээлжээ.
Харин Ерөнхий сайд Г.Занданшатар аймгуудын Засаг дарга нартай уулзах үеэрээ "Парламент өнгөрсөн намрын чуулганаар хоёрхон бүтэн хууль баталсны нэг нь төсвийн тухай хууль, нөгөө нь О.Амгаланбаатар гишүүний санаачилсан чоно агнах тухай хууль. Бусад нь нэмэлт, өөрчлөлтүүд байсан" хэмээсэн юм.
Өнгөрсөн чуулганы хугацаанд төр үймж, шил шилээ дарсан үйл явдал өрнөж байв. Засаг ганхаж, эрх баригч намын талцал хуваагдал дээд цэгтээ хүрсэн тэр өдрүүдэд хууль батлах гэдэг үндсэн үүргээ санаж байсан төрийн түшээ нэг ч байгаагүй болов уу.
Ямартай ч парламентын үндсэн үүрэг болох төсөв болон түүнийг дагалдах хуулиудыг хугацаанд нь баталж амжсан.
Тэгвэл өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэн баталсан асуудлуудыг эргэн сануулъя.
Дээр дурдсанчлан өнгөрөгч чуулганы хугацаанд өрнөсөн үйл явдлуудтай холбоотойгоор УИХ-аас томилж, чөлөөлдөг албан тушаалтнуудын томилгооны асуудлыг хамгийн олон хэлэлцсэн байна. Тодруулбал:
Намрын чуулганы хугацаанд ирэх оны төсвийг батлах нь парламентын хамгийн чухал ажил байдаг. Гэвч гишүүдэд "мартагдсан" ирэх оны төсөв урсгалаараа явсаар батлагдсан. Салж бутарсан айлын хаягдаж үлдсэн хүүхэд өөрөө өөрийгөө аваад явдаг шиг л. Юутай ч төсөв болон түүнийг дагалдах хуулиудыг цаг хугацаанд нь баталсан.
Мөн Монгол Улсын хөгжлийн ирэх таван жилийн төлөвлөгөөг батлав. Түүнчлэн Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг шинээр баталсан юм.
Харин Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэнчлэн өнгөрсөн чуулганы хугацаанд парламент хоёрхон хууль баталсны нэг нь төсөв, нөгөө нь чоно агнах тухай хууль байсангүй.
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын санаачилсан чоно агнахыг зөвшөөрсөн хууль буюу Ан амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 2025 оны гуравдугаар сарын 20-нд өргөн барьж, улмаар УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар уг хуулийн нэмэлтийг хэлэлцэн баталсан байна.
Өөрөөр хэлбэл, өмнө нь баталсан байсан хуулийг Ерөнхий сайд андуурч хэлжээ.
УИХ-ын 2025 оны намрын чуулганы хугацаанд Ерөнхийлөгчийн нэг хоригийг хэлэлцсэн байна. "Алт 3" аяныг хэрэгжүүлэх тухай УИХ-ын 85 дугаар тогтоолын 5 дахь дэд заалтад Ерөнхийлөгч хориг тавьсан бөгөөд УИХ хүлээн авсан юм.
Мөн Ерөнхий сайдыг огцруулах тухай 95 дугаар тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан. Гэвч Үндсэн хуулийн цэц уг тогтоолын үндсэн хууль зөрчсөн хэмээн дүгнэж, УИХ тэрхүү дүгнэлтийг хүлээн авсан тул Ерөнхийлөгч тавьсан хоригоо буцаасан.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!