Зураг
Зураг
Индэр    
0 минутын өмнө
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Төсвийн тодотголоо батлахаас бусдыг амжуулсан өнгөрсөн өдрүүдийн улс төр

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын 2026 оны төсөвт тодотгол хийх зорилготой УИХ-ын ээлжит бус чуулган есдүгээр сарын 7-ны Даваа гарагт нээлтээ хийсэн. Чухам энэ өдрөөс эхлэн эрх баригч намын ээлжит хэрүүл талцал улс төрийн тайзнаа тоглогдож эхлэв. Долоо хоногийн дотор батлахаар төлөвлөж байсан төсвийн тодотгол өнөөдрийг /2026.10.13/ хүртэл батлагдаагүй бөгөөд одоогийн байдлаар эцэслэн батлахад бэлтгэх үе шатандаа явж байна.   

Өнгөрөн өдрүүдэд өрнөсөн үйл явдлуудыг цаг хугацааны дарааллаар эргэн сануулъя. 

2026.09.07 Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. Энэ үер УИХ-ын дарга С.Бямбацогт, төсвийн тодотголыг нэн даруй хэлэлцэж, ард иргэдийн амьдралд ирж буй дарамтыг бууруулах хариу арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна гээд аль нэг улс төрийн хүчинд таалагдаагүй гэх шалтгаар Засгийн газрын төсөв санаачлах эрхийг хязгаарлах нь зохимжгүй гэдгийг сануулж байв. Энэ нь мэдээж сөрөг хүчин болох АН-д хаягласан үг. Учир нь ээлжит бус чуулганы өдрүүдтэй давхцан АН-ын дарга О.Цогтгэрэл нарын таван гишүүн БНХАУ-д ажлын айлчлал хийхээр яваад байсан юм. 

Гэвч С.Бямбацогт даргын чуулганы индрээс сануулсан шиг төсвийн тодотголын хэлэлцүүлэг сөрөг хүчнээс бус эрх баригчдын хагарал хуваагдлаас болж бүтэн сар илүүтэй гацсан юм. 

2026.09.09 Төсвийн тодотголын хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайдын ээжийн эзэмшдэг "Их засаг кингс" дунд сургууль төрөөс 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авах хүсэлт гаргасан тухай мэдээллийг Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Ням-Очир ам алдсан. Гэвч үүнээс цааш төрөөс Ерөнхий сайдын сургуульд санхүүжилт олгоё гэдэг санал тавьсан, тэрхүү саналыг нь "Их засаг кингс" сургуулийнхан хүлээж аваагүй, төсвөөс санхүүжилт олгох хувийн сургуулиудын нэрс дунд Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуулийн нэрийг зориудаар оруулсан гэх маргаан будлиан үргэлжилсээр буй. 

2026.09.10 Өөртэйгөө холбоотой асуудлыг шалгуулахаар Ерөнхий сайд Н.Учрал Авлигатай тэмцэх газарт хандав. Энэ асуудал дээр сөрөг хүчин ч боломжийн тоглолт хийж, түүнийг АТГ-т шалгуулахаар хандаж буйгаа мэдэгдсэн. 

Ерөнхий сайдын ээжийн сургууль төрөөс санхүүжилт авах гэсэн эсвэл тус сургуульд төр гуйж санхүүжилт олгох гэсэн гэх маргаан газар авсаар байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдааныг гацааж эхлэв. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулахаас эхтэй МАН-ын хагарал энэ үеэр улам эрчимжиж АН-аас илүүтэй бүлэг доторх цөөнх нь сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж эхэлсэн юм. Олонхын бүлэг боловч дотроо 30:38 гэж хуваагдсанаа ч ил цагаан зарлаж, ээлжээр гарч ирэн гомдлын үг шидэлцэж, эцэстээ "Биднээс уучлал гуйх хүртэл хуралд суухгүй" хэмээн тунирхацгаав. Харин нөгөө талд гомдоогч этгээд нь "Би хэзээ ч уучлал гуйхгүй" хэмээн хашхирсан. 

2026.09.14 Ийнхүү 30 талынханд аз, 38-ынханд эз болсон Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуулийн санхүүжилттэй холбоотой асуудлыг тойрч хэрэлдсээр ээлжит бус чуулганы хугацаанд төсвийн тодотголыг баталж амжилгүй ээлжит чуулган руу шилжүүлэв. 

Ээлжит бус чуулганаар хэлэлцэх батлах ёстой төсвийн тодотголд ахмад настны дундаж тэтгэврийг 250 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 1.2 сая төгрөгт хүргэх, 149 мянган төрийн албан хаагчийн цалинг 20-50 хувиар нэмэгдүүлэх асуудлыг тусгасан байв. 

Мөн энэ өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга А.Намсаманд албан тушаалтнуудаа ардаа суулгаж байгаад чөлөөлөгдөх нь цаг хугацааны асуудал болоод байсан Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг явуулах сүүлчийн сумыг тавив. 

2026.09.15 Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулган эхэллээ. Гэвч чуулган нээлтээ хийсэн даруй АН-ынхан гурав хоногийн завсарлага авсан. Чухам энэ үеэс МАН доторх 30 талынхан эрчимтэй дуугарч эхэлсэн юм. Тодруулбал, экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоогийн Ерөнхий сайдад хандан анхааруулга өгч, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан эцсийн үгээ хэлж огцроод, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан улс төрийн тогтолцоог цоо шинээр өөрчлөх тухай дуугарч, хилийн чанадаас хотын дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай "үзэлцэж" эхэлсэн.  

Ийнхүү эрчимжиж эхэлсэн 30 талынхны улс төр тун удахгүй болох баривчилгаатай холбоотой байсан нь сүүлд "уншигдсан" юм.

2026.09.22 Байнгын хороо, чуулганы хуралдааныг ирцээрээ бойкотолж, удтал гэдийсэн талууд ХЗДХ-ийн сайдын томилгооноор нүүр нүүрээ харав. ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг томилсноор Засгийн газар нэг хэсэгтээ амьсгаа авахтайгаа болсон ч шатахууны хомсдол, малын халдварт өвчин, баавгайн асуудал "шүдний өвчин" нь болсоор байна.  

2026.09.25 Ийнхүү эрх баригчид "учраа ололцсоноор" 43 их наяд төгрөгийн зардалтай ирэх оны төсвийг хэлэлцэж эхэлсэн юм. УИХ-ын үйл ажиллагаа жигдрэх нь үү гэтэл АН-аас Ерөнхий сайдыг өөртөө итгэл үзүүлэх эсэх асуудлыг оруулж ир гэдэг шаардлага ярьж эхлэв. 

Өнгөрсөн хаврын чуулганы төгсгөлд АН-ын дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайдыг огцруулах бичиг гээчид гишүүдийнхээ гарын үсгийг цуглуулж эхэлснээ мэдэгдэж байсан. Хавар, зуныг өнгөрөөж намартай золгосон ч Засгийн газрыг огцруулах бичигт намынх нь гишүүд итгэхээ байж, Н.Учрал чуулганы танхимаас "Ардчилсан намынхаан намайг огцруулах бичгээ өргөн барьчих л даа" хэмээн даапаалж байхав. Тэр бүү хэл бүлгийн зарим гишүүн нь тийм бичиг байгаа бол одоо ил гаргаж өргөн бариач гэдэг шаардлагыг хэвлэлээр дамжуулж намын даргадаа илгээсээр буй. 

Үүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Ерөнхий сайд Япон улсад айлчилж, Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоод ирсэн. Мөн Засгийн газар аль хэдийнээ ирэх оны төсөвтөө оруулж тооцоод, зарцуулалтыг нь төлөвлөчихсөн 3 их наяд төгрөгөө "Оюу толгой"-гоос "нэхээд" амжсан байлаа.

Харин МАН-ын бүлгийн зүгээс төсвийн тодотголыг аравдугаар сарын 20-нд багтааж батална хэмээн мэдэгдээд буй.