Индэр    
28 минутын өмнө
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

МӨРӨӨДЛИЙН ЖАГСААЛТ: 2030 он гэхэд авлигын индексээр 110-т орж, импортын эрчим хүчийг бүрэн халж, гадаад жуулчдын тоог 2 саяд хүргэнэ

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нэгэн жишээ, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн баримт бичгийг "Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан боловсруулсан. Гэтэл "Алсын хараа 2050" батлагдсанаар эрчим хүчний салбарын цаашдын бодлогыг тодорхойлж байсан олон төлөвлөгөөг нураасан. Тухайлбал, "Эрчим хүчний салбарт 2015-2030 онд баримтлах бодлогын бичиг баримт", "Сэргээгдэх эрчим хүчний нэгдсэн хөтөлбөр", ""Эрчим хүчний хэмнэлтийн хөтөлбөр" зэрэг бодлогын олон барим бичгүүдийг хүчингүй болгожээ. Үүний балгаар эрчим хүчний салбарын өнгөрсөнд үүссэн асуудал болоод түүн дээр үндэслэж ирээдүйгээ төлөвлөсөн бодлого ор мөргүй алга болсон. Тэдгээр баримт бичгүүдэд тусгасан төлөвлөгөөнүүдийг "Алсын хараа 2050"-тай харьцуулшгүй сайн байсныг салбарын мэргэжилтнүүд шогшрон ярьдаг. Урт хугацааны бодлого боловсруулагчид энэ салбарын бодлого, стратегийг "Алсын хараа 2050"-д шингээсэн гэдэг ч үнэндээ тэнд зүгээр л хүслийн жагсаалт бичигдсэн байгааг салбарын мэргэжилтнүүд шүүмжилдэг. 

Манай улсын хамгийн тулгамдсан асуудлуудын эхэнд бичигдэх эрчим хүчний салбарын бодлого, стратеги "Алсын хараа 2050" болон "Монгол Улсыг 2026-2030 он хөгжүүлэх үндсэн чиглэлд"-д зүгээр л хүслийн жагсаалт хэлбэрээр бичигдсэн байх нь. 

Монгол Улсын Засгийн газраас дунд хугацаанд буюу тав, таван жилээр хөгжлийн бодлого төлөвлөлтөө боловсруулан Улсын Их Хурлаар батлуулдаг. Энэ дагуу ойрын таван жилд /2026-2030/ хийж, хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө Засгийн газар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард УИХ-аар батлуулсан билээ. Өөрөөр хэлбэл, Монголын төр ирэх таван жилийн хугацаанд ямар ямар асуудлыг шийдвэрлэж, эерэг үзүүлэлт рүү дөхүүлэх вэ, түүнийгээ хэрхэн дүгнэх вэ гэдгээ тодорхойлсон юм.  

Гэвч тухайн үед буюу 2025 оны төгсгөлд улс төрийн үйл явдал арвинтай, эрх баригч намын талцал хуваагдал төрийн ажлыг зогсоох хэмжээнд хүрээд байв. Энэ үед нийгэм бүхэлдээ зөвхөн хуваагдсан талуудын зөрчил маргаанд анхаарал хандуулж байсан гэхэд хилсдэхгүй. Гэтэл улс төрийн тухайн үеийн халуурлаас гадна ирэх оны төсөв цаашлаад Засгийн газрын ойрын таван жилийн мөрийн хөтөлбөр зэрэг чухал баримт бичгүүдийг хэлэлцэн батлах хуулийн хугацаа тулж ирээд байсан юм.

Нэгэнт дээрх баримт бичгүүдийг батлах заасан цаг хугацааг хуульд заасан байдаг тул хэлэлцсэн болоод л баталсан гэчихэд нэг их буруудахгүй болов уу. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд эрх мэдлийн төлөөх тэмцэл болоод түүнийг дагасан дуулиан шуугиан гол сэдэв хэвээр байснаас Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг анхаарах сөхөө төдийлөн байсангүй. Тиймээс Монгол Улсыг 2026-2030 он хөгжүүлэх үндсэн чиглэлд юу тусгасныг нэхэн сануулахын зэрэгцээ Засгийн газрын зарим "мөрөөдөл"-ийг онцолж байна. 

Монгол Улсын Засгийн газар дунд хугацааны бодлогын баримт бичигтээ юу тусгав?

Энэ удаагийн таван жилийн үндсэн чиглэлийг Г.Занданшатар Ерөнхий сайдын кабинет боловсруулсан. Тэр дундаа түүний танхимд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Учрал голлох үүрэгтэй оролцжээ. Харин өдгөө Н.Учрал Ерөнхий сайдын албыг хашиж буй. 

Тэд ирэх таван жилд хийхээр төлөвлөсөн ажлаа найман үндсэн чиглэлд хуваажээ. Найман чиглэлд тусгасан зорилтуудаас онцолбол, 

Хүний хөгжил

  • Дундаж наслалтыг 2-оор нэмэгдүүлнэ
  • Дундаж давхаргын эзлэх хувийг 20 хувиар нэмэгдүүлнэ

Нийгмийн хөгжил, үндэсний нэгдмэл үнэт зүйл

  • Үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн үзүүлэлтийг 55 хувьд хүргэнэ
  • Нийгмийн сайн сайхан байдлын үзүүлэлтийг 20 хувиар өсгөнө
  • Ядуурлын түвшнийг 15 хувьд хүргэнэ

Эдийн засаг, дэд бүтцийн хөгжил

  • Эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд тогтвортой хадгална

Байгаль орчин, ногоон эдийн засаг 

  • Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, байгаль орчны гүйцэтгэлийн үзүүлэлтийн оноог 59.0-д хүргэнэ. 

Төрийн бүтээмж, засаглал

  • Авлигыг бууруулж, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг бэхжүүлнэ
  • Зөв засаглалын үзүүлэлтээр эхний 90 орны нэг болно

Бүсийн хөгжил

  • Орон нутгийн хөгжлийн үзүүлэлтийг 20 хувиар нэмэгдүүлнэ

Үндэсний өрсөлдөх чадвар

  • Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 50 орны нэг болно

Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун

  • Дэлхийн мэдлэгийн индексийг 52.4 оноонд хүргэнэ

Товчхондоо ийм.

Ирээдүйд хаана хүрэхээ төлөвлөхөөс өмнө өнгөрсөнд хаана байсан, одоо хаана байгаагаа тодорхойлох нь зүйн хэрэг. Энэ ч үүднээс өмнөх буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын таван жилийн /2021-2025/ төлөвлөгөөнд юу тусгасан түүнийгээ хэрхэн биелүүлж, юуг дутуу орхисноо дүгнэсэн.

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд урт, дунд, богино хугацааны төрийн бодлогын бичиг баримт хоорондын уялдаа, төлөвлөлт, зохион байгуулалт, хэрэгжилт, үр дүн тооцох аргачлалыг заасан. Тэрхүү аргачлалын дагуу 2021-2025 оны үндсэн чиглэлийн биелэлтийг дүгнэж үзэхэд 54 хувьтай гарчээ. Гэвч үүний 20 хувь нь хэрэгжиж дуусаагүй ажлууд байсан.

Төсвийн алдагдал, Засгийн газрын өрийг багасгаж, Монголчуудын визгүй зорчдог улсын тоог нэмж, хүүхдийн хүчирхийлэл, гэмт хэргийг бууруулна 

Засгийн газрын ирэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан уриа, тунхгийн шинжтэй заалтуудыг онцолж байна. 

Эмнэлгийн бус нас баралтыг бууруулна. Үүнийг сэргийлэх боломжтой эмнэлгийн бус нас баралтын нийт нас баралтад эзлэх хувиар хэмжинэ. 2024 онд энэ үзүүлэлтийн суурь түвшин 68 хувьтай байсан бол 2030 он гэхэд 56 хувь болгон бууруулахаар төлөвлөсөн байна. 
Иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаална. Энэхүү зорилтын шалгуур үзүүлэлт нь сэтгэл гутрал, түгшүүрийн түвшний бууралтын үзүүлэлтээр хэмжигдэх бөгөөд 2024 оны үзүүлэлтээр сэтгэл гутрал, түгшүүрийн түвшний бууралт -5% байсан бол 2030 онд -40% болгох зорилт тавьжээ. 
Олимп, дэлхийн амжилтыг хадгалж, Азийн наадмын амжилтыг дээшлүүлнэ. 2022 оны үзүүлэлтээр манай улс Ази тивийн зуны спортын наадамд улсын дүнгээр 22 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан бол 2030 онд 10 байраар урагшилж 12 дугаарт бичигдэх зорилт тавив. 
Өндөр насны тэтгэврийн дундаж хэмжээг 70 хувиар нэмнэ. 
Нийгмийн соён гэгээрлийн түвшнийг нэмэгдүүлнэ. 2021 оны үзүүлэлтээр энэ зорилтын суурь түвшин 56 хувьтай байсан бол 2030 онд 63 хувьд хүргэхээр зорьжээ. 
Өрхийн бодит орлогыг нэмэгдүүлнэ. 
Улс төрийн болон бодлого боловсруулах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд 2024 оны УИХ, орон нутгийн эрх барих барих хуралд суудалтай эмэгтэйчүүдийн эзлэх хувь 2024 оны байдлаар 27.6 хувь байгаа бол 2030 онд энэ хувийг 30-д хүргэхээр төлөвлөсөн байна. Мөн 2024 оны байдлаа удирдах албан тушаалд ажиллагсдад эмэгтэйчүүдийн эзлэх хувь 41.3 байгааг 43.8 хувьд хүргэхээр бодлогын барим бичигт тусгажээ. 
Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулна. Баримт бичигт тусгаснаар 2023 онд гэр бүлийн хүчирхийллээс болж хохирсон хүүхэд 131 байсан бол энэ тоог 70 болгоно. 
Гэмт хэрэг зөрчлийг бууруулна. Ингэхдээ иргэдийн ёс суртахуун, хүмүүжлийг сайжруулах замаар зорилтдоо хүрнэ гэж төлөвлөжээ. Энэ ажлын үндсэн хариуцагч нь Хууль зүй, дотоод хэргийн яам бол хамтран хариуцагч нь Соёл, спорт, аялал жуулчлал, спортын яам байх аж. 
Хүн амыг шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангана. 2024 оны байдлаар шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангагдсан хүн амын эзлэх хувь 69.6 байсан бол энэ үзүүлэлтийг 2030 он гэхэд 75 хувьд хүргэхээр зорьжээ. 
Ашигт малтмалын нөөц баялгийг нэмэгдүүлнэ. 2024 оны байдлаар нийт нутаг дэвсгэрийн 3.2 хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байгаа бол 2030 онд энэ хэмжээг нэмэгдүүлж 5 хувьд хүргэх аж. 
Ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулна. 2024 оны үзүүлэлтээр газрын тосны олборлолтын хэмжээ 568.7 мянган тонн, олборлох салбарын орлогын хэмжээ 50.1 их наяд төгрөг байгаа бол эдгээр үзүүлэлтийг 2030 он гэхэд 600 мянган тонн, 57.3 их наяд төгрөгт хүргэхээр төлөвлөсөн байна. 
Аялал жуулчлалын салбарын улирлын хамаарлыг бууруулах замаар гадаад жуулчдын тоог 2030 он хүртэл 2 саяд хүргэхээр зорьж байгаа аж. 
Чанаргүй активын хэмжээг бууруулах замаар банк санхүүгийн салбарын чанаргүй зээлийн хэмжээ 5 хувь байгааг 4.3 хувь хүртэл бууруулна. 
Олон төрөлт эх үүсвэрийг бий болгох замаар эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. 2024 оны байдлаар 8.755 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэж байгааг 2030 онд 14,078 ая кВт.цаг-т хүргэнэ гэж төсөөлжээ. 
Мөн эрчим хүчний найдвартай байдлыг хангах хүрээнд 24.6 хувийн импортын эрчим хүчийг 2030 он гэхэд бүрэн халах зорилт тавьсан байна. 
  • Олон улс, улсын чанартай авто замын сүлжээнд эзлэх хатуу хучилттай авто замын сүлжээний урт 52.6 хувь байгааг нэмэгдүүлж 65 хувьд хүргэх, 
  • Төмөр замын сүлжээний уртыг нэмэгдүүлж, 2024 оны байдлаар 3,368.8 км байгааг таван жилийн хугацаанд 3,503.6 км болгох,
  • Олон улс, орон нутгийн нислэгийн тоо 2024 оны байдлаар 27,694 байгааг 68,000 мянгад хүргэнэ.
Улс хооронд онгоцоор зорчигчдын тоо мөн оны байдлаар 1.7 сая байгааг 2.2 сая болгон нэмэгдүүлнэ.
70 хувиас дээш эрчим хүчний хэмнэлттэй болгон дулаалсан сууцны тоог нэмэгдүүлж, эрчим хүчний хэмнэлттэй технологи нэвтрүүлэх замаар хот, суурин газрын газрын агаарын бохирдлыг бууруулна. Ингэснээр 2024 оны байдлаар PM2.5 тоосонцрын дундаж агууламж 53 мкг/м3 байгааг 25 мкг/м3, PM10 тоосонцрын дундаж агууламж 100 мкг/м3 байгааг 50 мкг/м3, Азотын давхар ислийн дундаж агууламж 54 мкг/м3 байгааг 50 мкг/м3, хүхэрлэг хий 80 мкг/м3 байгааг 74 мкг/м3 болгон тус тус бууруулахаар төлөвлөсөн байна.  
Иргэдийн оролцоот хяналтыг сайжруулах замаар авлигыг бууруулна гэжээ. Ингэснээр 2024 онд авлигын индексээр 138 дугаарт эрэмбэлэгдээд байгааг 2030 он гэхэд 110 дугаар байрт оруулж урагшлуулахаар төлөвлөжээ.  
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 2024 онд 102 дугаарт эрэмбэлэгдсэн хэвлэлийн эрх чөлөөг 10 байраар урагшлуулж 92 дугаарт бичүүлэх зорилго тавьсан байна. 
Төрийн бүтээмжийг нэмэгдүүлнэ. 2024 оны Дэлхийн банкны засаглалын үзүүлэлт: Засгийн газрын үр нөлөөгөөр 141 дүгээрт эрэмбэлэгдсэнийг таван жилийн дотор 108 дугаар байр оруулна гэдэг зорилт тавьж. 
Олон улсад Монгол Улсын нэр хүндийг өсгөнө. Үүнийг хэрэгжүүл, хэмжих үзүүлэлт нь 2024 онд манай улсад ирсэн өндөр, дээд түвшний айлчлалын тоо 21 байгааг хадгалж 2026 , 2027, 2028 онуудад тус тус  21, 2029, 2030 онуудад тус бүр 20 байлгах зорилт тавьснаар тооцох аж.  
Монгол иргэдийн гадаад улс руу визгүй зорчих улсын тоо 2024 оны байдлаар 29 байгааг таван жилийн дотор 33 болгон нэмэгдүүлнэ гэжээ. 
Засгийн газрын өрийг бууруулна. 2024 оны байдлаар Засгийн газрын нийт өрийн ДНБ-д эзлэх хувь 60 байгааг 45 болгон бууруулна. 
Төсвийн алдагдлыг бууруулна. Төсвийн нийт зардлын ДНБ-д эзлэх хувь 38.3 хувь байгааг 28 хувь болгоно. 
Гадаад хөрөнгө оруулалтын хэмжээ 2024 онд 4 тэрбум ам.доллар байгааг таван жилийн дотор 6.6 тэрбум ам.долларт хүргэнэ.