Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэх татах тухай хуулийг санаачлан боловсруулж, нэн яаралтай горимоор өргөн барихад бэлэн болсноо зарлалаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хэлснээр уг хуулийн төсөлд дараах дөрвөн үндэслэлээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татан нөхцөл бүрдэх аж.
Эдгээр үндэслэлийг бүрэн хангах гишүүд одоогийн парламентад цөөнгүй бий.
Тухайлбал, ёс зүйн зөрчилтэй гэдэг ангилалд өмнөх парламентын хугацаанд Төрийн ордонд хөлчүүрхэж, агсамнасан Э.Бат-Амгалан, гаднын компаниас сонгуулиар хандив авсан гэгддэг Э.Болормаа, хамгийн их таслалттай Х.Баттулга, сэтгүүлчдэд "харшилтай" Б.Дэлгэрсайхан, ёс зүйгүй гэдгээ олон нийтийн сүлжээнд батлан харуулж буй Ц.Мөнхтуяа, М.Нарантуяа-Нара, "ангийн охин"-оо дарамталсан гэх Ж.Чинбүрэн нар бичигдэх нь гарцаагүй.
Харин гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон буюу эрүүгийн гэмт хэрэгтэн энэ парламентад цорын ганц суугаа нь Д.Цогтбаатар гишүүн. Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдсон түүнийг гурван шатны шүүхээс гэм буруутай гэж үзэн, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оноосон юм.
Намын жагсаалтаар нэр дэвшин сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэдэгт өмнө нэрлэгдсэн АН болон ИЗНН-ын жагсаалтын эмэгтэй гишүүд дахин бичигдэх нь ойлгомжтой.
Ийнхүү Ерөнхийлөгчийн санаачилсан хууль батлагдвал лавтай гурван гишүүн эгүүлэн татагдах болзлоо хэдийнээ хангажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!