АНУ цэргийн тусгай ажиллагаа явуулсны дараа Ираны хөлбөмбөгчид ДАШТ-д оролцох нь эргэлзээтэй болов
Ердөө гурван сарын дараа АНУ, Канад, Мексикийн нутагт хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) эхэлнэ.
Орон нутгийн цагаар Бямба гарагийн өглөө АНУ, Израилийн зэвсэгт хүчнүүд Ираны нийслэл Тегеран болон бусад хотуудад агаараас довтолж эхэлсэн юм. Ийм цаг үед Ираны хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг ДАШТ-д оролцох эсэх нь эргэлзээтэй болж байна.
Тус улсын хөлбөмбөгчид өмнө нь зургаан удаа ДАШТ-д оролцож байв. Үүнээс 2014 оноос хойш тогтмол буюу гурван тэмцээнд дараалан оролцоод буй.
Тэгвэл энэ удаад ч бас оролцох эрхээ авсан юм. Тэд "G" хэсэгт Бельги, Египет, Шинэ Зеландтай учраа таарсан. Энэ хэсгийн тоглолтууд ирэх зургаадугаар сарын 15-наас 26-ныг дуустал АНУ-ын Сиэтл хотод болохоор товлогдсон.
Өнгөрсөн зун АНУ-ын цэргийн хүчин тус улсын гурван цөмийн байгууламжийг бөмбөгдсөн ч иранчууд тэмцээнээс гараагүй. Гэвч одоогийн нөхцөлд илүү ноцтой байгааг Ираны Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн мэдэгдээд, тамирчдадаа дайсны нутагт явуулах эсэхдээ эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.
Энэ талаар Мехди Таж орон нутгийнхаа телевизэд өгсөн ярилцлагадаа "АНУ-ын халдлагаас болоод бид ДАШТ-д оролцох эсэх нь эргэлзээтэй байна. Энэ асуудлаар манай улсын спортын асуудал хариуцсан удирдлагууд шийдвэрээ удахгүй гаргах байх" гэсэн юм.
Гэхдээ Ираны Дээд удирдагч Аятолла Хаменеи алагдсаны дараа тус улсын улс төрийн нөхцөл байдал тодорхойгүй үүссэн тул ирээдүйд юу болохыг таамаглахад бэрх байна.
Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ны зүгээс нөхцөл байдал хурцадсан ч Ираныг ДАШТ-д оролцоно гэж найдаж байгаа аж.
Энэ тухай тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Маттиас Графстрём "ДАШТ-д оролцогчдын аюулгүй байдлыг хангахад бид бүх анхаарлаа хандуулж байна" гэв.
Хэрвээ Иран Улс хөлбөмбөгийн ДАШТ-ийг орхивол Азийн аль нэг орны багийг оролцуулна гэсэн таамаг бий. Үүний дагуу FIFA-ны удирдах албан тушаалтнуудаас тодруулахад Ирак эсвэл Арабын Нэгдсэн Эмират Улсын аль нэгэнд нь эрхийг шилжүүлэх боломжтой аж.
Ирак энэ сарын сүүлээр буюу 31-нд Болив, Суринам хоёрын хожсонтой нь нэмэлт эрхийн төлөө өрсөлдөнө. Энэ тоглолтод иракчууд хожвол Ираны эрхийг Арабын Нэгдсэн Эмиратад шилжүүлнэ. Тэд урьдчилсан шатны тавдугаар тойрогт Иракт 2:3-аар дийлдсэн юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
