Ёкозүна асан Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ Хакүхогийн шавь руу архины шил шиджээ
Ёкозүна асан Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ шавьдаа гар хүрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэрбээр энэ сарын 27-нд энэ талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулж, олонд мэдэгдсэн юм. Сүмогийн Холбооноос болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй тайлбар авсны дараа Г.Ган-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэхээр шийдсэн юм.
Багш нь шавийнхаа эсрэг хүчирхийлэл үйлдэхийг Сүмогийн Холбооноос таслан зогсоох зорилгоор сүүлийн үед ийм хэрэгт онцгой анхаардаг болоод байгаа.
Хэрэг явдал Хаврын тэмцээнд оролцохоор Осака руу явахаас өмнөхөн болжээ. Исэгахама дэвжээнийхэн хөгжөөн дэмжигчидтэйгээ нийлсэн үдэшлэг зохион байгуулах үеэр ёкозүна асан өөрийн шавь болох Хакүнофүжи рүү архины шил шиджээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Г.Ган-Эрдэнэ сүмотой холбоогүй шалтгаанаар бухимдсан байна.
Г.Ган-Эрдэнэ болсон үйл явдлын маргааш нь шавь нараасаа уучлалт гуйсан юм. Улмаар Хаврын тэмцээнд анхаарлаа төвлөрүүлэхийг уриалсан аж.
Уг нь Терүнофүжи нэг дэвжээний ёкозүна асан Харүмафүжи Д.Бямбадоржийн түүхээс сануулга авсан нэгэн. 2017 онд Д.Бямбадорж нэгэн уушийн газарт өөртэй нь хүндэтгэлгүй харьцсан гэх шалтгаанаар Таканоива А.Баасандоржийг зодсон удаатай. Энэ хэргийн улмаас ид барилдаж байсан аварга 33 насандаа зодог тайлсан билээ. Үүнээс өмнө буюу тэр жилийнхээ есдүгээр сарын тэмцээнд 11 даваатай түрүүлж байсан юм.
Өдгөө Исэгахама дэвжээндээ багшилж буй Г.Ган-Эрдэнийг хоёр монгол бөхийн хооронд үл ойлголцол болоход хамт байсан гэдэг. Тиймээс хүчирхийллийн асуудал дахин давтагдаж байгааг Японы хэвлэлүүд онцлох болжээ.
Харүмафүжиг зодог тайлахад Терүнофүжи гэмтлийн улмаас озеки цолоо дөнгөж алдаад секивакэ цолтой барилдаж байв.
Энэ жил 22 настай Хакүнофүжигийн хувьд маэгаширагийн барууны долдугаарт бичигдэж буй. "Рэйвагийн мангас" хочтой түүний хувьд их аварга Хакүхо М.Даваажаргалын бэлдсэн шавь нарын нэг. Хакүхогийн шавь байхдаа Хакүохо нэрээр барилдаж байсан ч түүний дэвжээ хаагдсаны дараа дэвжээний нэрээ Хакүнофүжи болгосон юм.
Эх сурвалж: Yahoo News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

